Йеменд гал зогсоосныг НҮБ-ын тэргүүн сайшаав
НҮБ. /Xinhua/. Саудын Арави тэргүүтэй Арабын улсуудын эвсэл Йеменд тав хоног дангаар гал зогсоох шийдвэр гаргасныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн сайшаалаа.
Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломж олгох зорилгоор орон нутгийн цагаар өчигдөр оройн 23:59 цагаас тус эвсэл гал зогсоож эхэлжээ.
"Йемений бүх ард түмний төлөө” хүмүүнлэгийн зорилгоор гал зогсоохыг "Хусит” бүлэглэл болон холбогдох бүх талд НҮБ-ын тэргүүн уриаллаа.
Йемений ерөнийлөгчийн эрх мэдлийг сэргээх зорилгоор энэ оны гуравдугаар сараас хойш Саудын Арави тэргүүтэй эвсэл "Хусит”-д агаараас цохилт өгсөөр байгаа юм. "Хусит” бүлэглэл нь Йемений газар нутгийн дийлэнхийг, үүний дотор нийслэл Сана хотыг гартаа оруулаад байгаа билээ.
Йеменд иргэний дайн эхэлж, агаараас цохилт өгч эхэлснээс хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Тус улсын 24 сая хүн амын 80 орчим хувьд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байна. Байлдааны ажиллагааны улмаас 3000 гаруй хүн амь үрэгдэж, нэг сая гаруй хүн дүрвэжээ.
Г.Доржханд МОНЦАМЭ