Баатар даргын балагтай шинэчлэл
Иргэд ийн бухимдаж байхыг бодоход баатар даргын шинэчлэл цагаа олоогүй бололтой. Аливаа зүйлийг шинэчлэх нь зүйн хэрэг ч зөв, цагаа олсон шинэчлэл л иргэдэд хүрнэ. Харин энэ мэт мэдээ мэдээлэл дутмаг, хаашаа, ямар чиглэлд явах нь тодорхойгүй автобуснууд хотоор нэг холхиод эхэлбэл шинэчлээд ч яах юм билээ. Байсан юм байснаараа л байж байг л дээ, хотын дарга аа. Ядаж байхад хотын түгжрэлийг багасгах зорилготой оруулж ирсэн угсраа автобус нь хотын төвд тасарч зорчиж явсан хоёр иргэн хөнгөн бэртэл авсан таагүй мэдээ чих дэлсэв. Урд зүгээс гаралтай угсраа автобус ингэж л хотын даргад тараа таниулав. Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Үүнтэй давхцан "унтаа” байдалд байсан их хот маань амь орно. Э.Бат-Үүл даргын "буянаар” хөдөөгийн оюутнууд нэг хэсэгтээ л Нийтийн тээврийн шинэчлэлийг ойлгохгүй хичээлээсээ хоцорч багшдаа загнуулна. Тэд ямар хотын даргын балагтай шинэчлэлээс болоод хоцорчихлоо гэж хэлэлтэй нь биш.
Дээрээс нь авдаг хэд нь цөөн иргэд маань автобусны мөнгөнд байдаг хэдээ бариад туучихаж магадгүй бололтой. Хотын захын дүүргүүдэд амьдардаг иргэд төв рүү орж ирэх гэж чамгүй олон "даваа нугачааг” туулж байж Чингисийн талбайд хөл тавина. Дор хаяж хоёр, бүр цаашилбал 3-4 автобус дамжиж байж жанжныхаа хөшөөг харна гэсэн үг. Ингээд бодохоор ойролцоогоор ирж очихын 2-3 мянган төгрөг зарцуулна. Ядаж чиглэл нь тодорхой биш юм аа гэхэд дамжин суултаа цэгцэлчихвэл шинэчлэлийн үнэр ойртож мэднэ. Тэгэхгүй бол хөдөөнөөс ирсэн оюутнууд байтугай хотод насаараа амьдарсан мань мэт нь төөрч будилж мэдэхээр болчихоод байгааг хотын дарга маань анзаарч байгаа болов уу. "Шинэчлэл гэдэг нь аливаа зүйлийг сайжруулахыг хэлнэ” гэж нэгэн суут сэтгэгч хэлсэн байдаг. Тэгвэл хотын даргын нийтийн тээврийн шинэчлэл шинэчлэл биш болж таарлаа. Учир нь өмнөхөөсөө дээрдсэн юм огт алга. Улам л дордоод байх шиг...