Бодлогогүй, боловсон хүчингүй АН

871

2012 оны сонгуулиар байгуулагдсан АН-ын засгийн газарт 3 ээлжийнхэн сайд болох гэж байна. Шийдлийн гэх сүржин нэртэй байгуулагдсан Ерөнхий сайд  Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн  хамтарсан засгийн газар 7 сар болоод  Засаг хамтран байгуулалцсан МАН-ын 6 сайдыг танхимаасаа хөөж орхив. Ингээд тэд цаашид  парламентэд суудалтай "Шударга ёс эвсэл”-тэй хамтран засгаа үргэлжлүүлэх ёстой болсон .  МАХН-ын  дарга  Н.Энхбаяр  засаг байгуулах асуудал түр хугацаанд саатсан ч тэд тохиролцоонд хүрч байгаа  чимээтэй.

АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар  Засгаас МАН-ын 6 сайдыг "зайлуулаад”,  дараа нь  Шударга ёс эвсэлд 2 суудал өгөөд шинээр сайдуудаа томилоод ажиллаад явчихна гэж тооцсон боловч тэд Өршөөлийн хуулийг батлаад үүсэх үр дүн,  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "ацаглал”, Н.Энхбаярын улс төрийн "нүүдэл” зэргийг урьдчилсан тооцсонгүй. Тооцсонгүй ч  гэж дээ, тооцох ухаан нь  хүрсэнгүй.

АН шинээр авах сайдын суудлаа хараад, түүний цаана учирч болох нөхцөл байдлыг харж чадаагүйгээс болж өдгөө засаг байгуулагдах, эс байгуулагдах, бүр цаашлаад УИХ хугацаанаасаа өмнө тарах, эс тарах асуудлын өмнө хүрч ирчихээд байна.

Дээр нь тэд засаг байгуулах үйл явдалд хүссэн хүсээгүй  МАХН-ын дарга Н.Энхбаярыг  "царайчлахаас өөр аргагүй” байдалд хүрсэн. Энэ бол тэд анханаасаа асуудалд бодлогогүй, тооцоогүй, ул суурьгүй хандсаны шинж.

Дээрх  асуудлыг  түр орхиод АН-аас  шинээр томилогдохоор яригдаж буй сайдуудын нэрсэд анхаарлаа  хандуулья.

Гэхдээ  Ан  6 сайдын суудлаас гурван  сайдын суудлыг  авах болсон. АН-аас  Зам тээврийн сайдад Л.Эрдэнэчимэг, Сангийн сайдад Н.Батбаяр, Хөдөлмөрийн сайдад Г.Баярсайханы  нэрийг тус тус дэвшүүлсэн. Ерөнхий сайд Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигдсэн Г.Баярсайханыг  дэмжээд нөгөө  2 сайдад нэр дэвшсэн  Н.Батбаяр,  Л.Эрдэнэчимэг нартай хамтран ажиллах боломжгүй  гэдгээ мэдэгдсэн байна. Ингэх нь Ерөнхий сайдын зөв.

АН яаж бодохоороо Сангийн сайдад Фортун Н.Батбаярын нэрийг дэвшүүлэв. Тэрээр Эдийн засгийн хөгжлийн сайд  байхдаа Чингис, Самуурай бондын асуудалд "орооцолдсон” нэгэн. Харин Зам тээврийн сайд Л.Эрдэнэчимэгийн тухайд бол Женко Х.Баттулгын "түлхээс”-ээр  нэр дэвшигдэж байгаа гэх. Эмийн үйлдвэрийн эзэн энэ "хүүхэн”-ээр  Зам тээврийн салбарыг удирдуулна гэдэг үнэндээ энэ салбарыг зөнд  орхиж байгаатай ялгаагүй хэрэг. Гэтэл дээр нь "дайран дээр давс” гэгчээр Төмөр замын салбар руу "улайран зүтгэх” Х.Баттулгын гар хөл болж ажиллах гээд байдаг. Төмөр зам, Х.Баттулгатай холбоотой ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгөний асуудал өчигдөрхөн хэвлэлээр гарч шуугиан тарьсан. Ийм үед Женкогийн  "хүн”-ийг дэмжинэ гэдэг Ерөнхий сайдад эрсдэлтэй алхам.

Иймээс ч АН-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт дээрх 2 сайдад нэр дэвшүүлэх эрхийг өөрт нь  өгсөн байна.

Одоо харин Ерөнхий сайд зөв хүнээ олж дэвшүүлэх нь чухал байна. Боловсон хүчний хомсдолд орсон АН-ын хувьд УИХ-ын гишүүдээс сайдад дэвшүүлэх кандидат ховор байгаа бол УИХ-ын гаднаас нэр дэвшүүлж болох. Гэвч АН-ын зүгээс заавал гишүүдээсээ сайд болгохыг илүүд үзэж байгаа  бололтой. Ийм тохиолдолд өмнө нь сайд хийж байгаагүй  Г.Батхүү, М.Батчимэг, Д.Зоригт, Б.Болор  нарын цөөн гишүүдээс Ерөнхий сайд "сонголт” хийхээс өрө замгүй болж байх шиг. 

 

А.Гал

 
undesten.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>