Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намын даргаа "түгжилдэхээр" шийдсэн үү
Нам доторх бужигнаан улс орныг хэрхэн "самарч” байгааг өнгөрсөн хоёр жилийн дотор бид хангалттай харлаа. Улс орны эдийн засаг ямар байсан нь одоо ямар болов. Иргэдийн амьдрал аль нэг нам, фракцийн эрх ашгаас болоод үгүйрч, хоосорч байна. Тэр ч бүү хэл тэдний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь "өрийн хөтөлбөр" гэж өөрчлөгдөх хүртлээ муу ажиллаа. Засгаас нурааж, төрөөрөө тоглож буй тэдний өнөөдөр ч гэсэн сандал ширээний "дайн, тулаан"-аа үргэлжлүүлсээр явна. Сайдын суудал, эрх мэдлийн төлөө тэд өөр хоорондоо "алалдан тэмцэлдэж” байна.
Тодруулбал, намын даргын төлөөх тэмцэл Их хурлын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёрын хооронд өрнөж буй нь ил боллоо. Өнгөрсөн хугацаанд далд байсан өрсөлдөөн өнөөдөр эхнээсээ ил гарч эхлэв.
Өчигдөр твиттерээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ҮЗХ-г хуралдуулахаар тус хорооны гишүүдийг нэг нэгээр нь өрөөндөө дуудаж уулзсан талаарх мэдээлэл хүчтэй цацагдлаа. Ерөнхий сайд гишүүдээс "Их хурлын даргын тал уу, Ерөнхий сайдын тал уу” гэж шуудсан асуусан гэсэн.
Ингээд асуудал ил цагаандаа гарч байгаа юм. Зургаан сайдыг томилох хуулийн хугацаа нь энэ сарын 6-нд дуусна. Сайд огцорсон, нас барсан, үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд Ерөнхий сайд дараагийн сайдыг 30 хоногийн дотор УИХ-д өргөн барих учиртай. Гэтэл өмнө Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр "Зургаан сайдыг томилох асуудлаар улс төрийн намуудтай зөвшилцөх ажил үргэлжилж байгаа тул Ерөнхий сайд сайд нарын нэрсийг 10 дугаар сард буюу УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэхээр өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. Ээлжит бус чуулган зарлан, хуралдах нь УИХ-ын бүрэн эрх. Ээлжит бус чуулган хуралдсан ч сайд нарын нэрсийг өргөн барих боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан” гэсэн юм.
Энэ нь Ерөнхий сайдын цаг хожих гэсэн нэг арга заль. Тэрбээр 10 дугаар сар болтол зургаан сайдаа томилуулахгүй явж байгаа асуудлыг ҮЗХ-гоор шийдүүлэх гэсэн санаархал юм. Хэрэв ингэж эс чадвал Ерөнхий сайдын суудал өөрөө ганхана. ҮЗХ хуралдсан нөхцөлд намын даргын асуудлыг давхар ярих учиртай. Ч.Сайханбилэг бол "Алтангадас”-ын хүн. ҮЗХ-д тус фракци олонхийг бүрдүүлдэг. Харин намын даргаа "халааслаад" авбал Ерөнхий сайдын бүрэн эрхт хугацаагаа дуусгах бүрэн боломжтой болно.
Тэгвэл Ц.Мөнхтөрийн мэдэгдлийн дараагаар Их хурлын даргын зүгээс Ерөнхий сайдад "Хууль хэрэгжүүлэх албан тоот” хүргүүлээд байгаа. Хуулийн дагуу бол дээр хэлсэнчлэн зургаан сайдыг энэ сарын 6-ны дотор өргөн мэдүүлнэ. Харин Их хурлын даргыг АНУ-д албан томилолтоор явсан хойгуур нь "чоно борооноор” гэдэг шиг гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулжээ. Энэ бол Ардчилсан намын нөхдүүдийн хамгийн сайн хийдэг "Түгжилдэх” зарчим. Бараг яг жилийн өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "хамгийн сайн найз” Э.Бат-Үүлдээ "Түгжилдүүлж” байсан. Өөрөө ч энэ тухайгаа олон нийтэд зарлаж "Хамгийн сайн найз маань намайг түгжилдчихлээ" гэсэн. Тэгвэл өнөөдөр Их хурлын даргын ар хударгаар Ч.Сайханбилэг нь түүнийг "Түгжилдэхээр” зэхэж буй бололтой.
Эцсийн эцэст энэ бол Ерөнхий сайдаар удаан ажиллаж гэсэн арга заль. Нөгөө талаас намын даргын суудлаа авч үлдэх гэсэн нүүдэл. Улс төрийн "шатар” үргэлжилж байна. Дараагийн нүүдлийг намын дарга нь ирээд хийх биз ээ.
Г.Ган
zaluu.com