Салхин паркт хөрөнгө оруулах компаниуд иржээ

1013
Салхин паркт хөрөнгө оруулах компаниуд иржээ

-Салхин цахилгаан станц жилд 190 сая КВт.цаг эрчим хүч сүлжээнд нийлүүлнэ-

Монгол Улсад хэрэгжих салхины эрчим хүчний хоёр дахь томоохон төсөл болох Сайншандын Салхин паркт хөрөнгө оруулах сонирхолтой олон улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Тухайлбал, "European Investment Bank”, Германы "Nord LB”, Данийн "ETF” зэрэг банк, санхүүгийн байгууллага хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл солилцох аж.

Сайншандын Салхин паркийн төсөлд 120 сая ам.долларын санхүүжилт шаардлагатайгаас 70 хувийг зээлийн хөрөнгөөр, 30 хувийг төсөл хэрэгжүүлэгч "Ферростаал Индастриал Прожектс” компани өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж байна. "Сайншанд Салхин парк" компанийн мэдээлснээр хөрөнгө оруулагчидтай эцэслэн тохирсноор төслийн барилгын ажлыг ирэх хавар эхлүүлэх боломжтой болох ажээ. Үүнээс өмнө турбин нийлүүлэгчээр шалгарсан Данийн "Вэстас" компанитай гэрээ байгуулж, Засгийн газар болон бусад байгууллагатай гэрээ хэлэлцээрээ эцэслэх аж.

52 мегаваттын хүчин чадалтай Сайншандын салхин цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 190 сая КВт. цаг цахилгаан сүлжээнд нийлүүлж, 100 мянга гаруй айл өрхийн хэрэглээг хангах юм. Ингэснээр цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс бий болох 200 гаруй тоннтой тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, хоёр сая шоо метр цэвэр ус, 50 мянга гаруй тонн нүүрс хэмнэх тооцоо гарчээ. Мөн жилд нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан нь2012 онд ОХУ-аас импортолсон цахилгааны 50 хувьтай тэнцэх бол жилд үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ нь2013 оны төвийн эрчим хүчний системийн хэрэглээний 3.5 хувьтай тэнцэх юм байна. Монгол Улсын Засгийн газар 2020 он гэхэд сэргээгдэх эх үүсвэрийн системд эзлэх байр суурийг 20 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа юм.

З.Энхболор

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>