Дэндүү харгислалд өртсөн Дэмид жанжныхан

1190
 |
Цус үнэртсэн аймшигт жилүүдэд Бүх цэргийн жанжин Г.Дэмидийн аав, ах,  дүүд нь зохиомол хэрэг тулган цаазалж гэргий Богдановын Навчааг жирэмсэн байхад нь хороож хүн төрөлхтөний түүхэнд олон давтагдаагүй аймшигт гэмт хэрэг үйлдсэн билээ. Тэр ч бүү хэл, Навчаагийн эгч  Зина Богдановыг арав шахам жил шоронд хорьж түүний нөхөр Михиал Баторуныг цаазалж, Москва хотноо болсон Г.Дэмидийн оршуулганд Ленинградаас ирж оролцсон Навчаагийн ах Павел Богдановыг учир үл мэдэх шалтгаанаар нутагт нь хороож үр удам, төрөл төрөгсөдтэй нь хоморголон устгасан түүхийн хар мөрийг үнэн мөнөөр нь гэрчлэх амьд гэрч ганцхан үлджээ. Энэ хүн М.Баторуны охин, хэцүү цагийн сүүдрээс болж ээжийнхээ монгол нэрээр овоглосон Дэжидийн Оюун гуай юм. Түүнтэй арав гаруй жилийн өмнө уулзсан бичлэгээ дахин дэлгэж байгаа маань энэ. Миний өмнө цал буурал үстэй жаахан буриад аялгатай самган үе үе хоолой зангируулан ярьж сууна. Асуулт тавьж яриагий нь таслах хэрэг надад байсангүй.
-1937 оны есдүгээр сарын 10 аав маань баригдсан. Яг хэлмэгдлийн өдөр шүү. Зургаа хоноод ээж маань баригдлаа. Ээжийг баригдах үед Дэмид жанжны авгай Навчаа манайд хүүтэйгээ хонож байсан юм. Бид орондоо орчихсон байсан юм. Шөнө шүү дээ. Миний ээж Зина буюу Дэжид, Навчаа эгч хоёр чинь төрсөн эгч дүү хоёр шүү дээ.
Тэгээд би Навчаа эгчийг дагаад өмссөн хувцастайгаа гэрт нь очсон. Тэр цагаас хойш дахиж гэрийнхээ босгыг алхаагүй юм. Сүүлд өлсч, зовж зүдэрч гудамжинд хонож явахдаа гэрээ, аавыгаа мөн ч их санадаг байж билээ. Тун ч сайхан айл байсан шиг бодогддог юм. Аав маань цэргийн клубийн захирал байсан болохоор би орой бүхэн жүжиг ший үздэг байлаа. Манайх тоомсог моринд хөллөдөг том дугуйтай өндөр сүйх тэрэгтэй байсан. Тэр тэргэнд нь суугаад хотоор зугаалах мөн ч гоё байдагсан. Аав ажил ихтэй болохоор би ихэнхдээ ажил дээр хононо. Кино үйлдвэрийн тэнд олон цонхтой булангийн дугуй өрөөнд аавын контор байх. Ганцхан төмөр ортой. Хагас бүтэн сайнаас бусад өдөр ихэнхдээ тэндээ амьдарна. Намайг унтаж байхад л аав минь ажилдаа явчихна. Би босоод цэргийн клубийн гуанзанд хоол идчихнэ.

Орос тогооч авгайн хүүхдүүдтэй тоглож өнждөг тийм л байсан. Энэ үеэ хожим мөн ч их санаж ганцаараа уйлдагсан.
Дэмид жанжных одоогийн Вьетнамын элчин сайд байгаа хоёр давхар байшинд байна. Ээж маань баригдахдаа маргааш ирнэ гэж хэлсэн боловч ирсэнгүй. Ээжийгээ хүлээгээд л байсан. Гэтэл сургууль цуглаж би Дэмидийн хүү Элбэгийг дагаад нэгдүгээр ангид орлоо. Тэгтэл мөн ч удалгүй арван хэд хоногийн дараа аравдугаар сарын 2-нд Дэмидийн ах Надмидтай цуг Навчаа эгчийг бариад явчихсан. Навчаа эгч маань жирэмсэн байсан юм билээ. Манай ээж бас жирэмсэн байж байгаад шоронд хүүхдээ гаргасан гэдэг юм. Навчааг аваачаад удалгүй буудсан. Хүний ёсноос гажууд мөн ч нүгэлтэй, аймшигтай юм хийдэг улс шүү. \Толгой сэгсрэн гаслав.\
Элбэг бид хоёрыг Надмидын авгай Баярлах дээр хүргэж өгсөн. Тэднийх миний үе тэнгийн Нямаа гэдэг охинтой. Гэр нь Арслантай гүүрийн зүүн хойно одоогийн Багшийн сургуулийн хойно байсан. Хашаандаа гэр, зуны л байшинтай бай л уу даа. Тэндээс бид одоогийн гэрлэх ёслолын ордны орчим үлгэр жишээ сургуульд явдаг байлаа. Нэг өдөр бүх сурагчдын жагсаалын өмнө баахан хүүхдийг нэр дуудаж гаргаад,
-Та нар маргаашаас эхлэн хичээлд ирж болохгүй. Эсэргүүний хүүхдүүд сургуульд явах эрх байхгүй гэлээ. Тэнд Элбэг бид хоёрын нэр хамгийн түрүүн орчихсон байлаа.
Надмидын авгай Баярлах ажилгүй, бас их бие муутай хүн байсан. Дээр нь сэтгэл санааны дарамт юм юм л давхцаа биз. Удалгүй нас барж гурав дахь удаагаа гэргүй боллоо. Нямааг маань Баярлахын ах дүү нар аваад хөдөө явсан байх. Элбэг бид хоёр гудамжинд гарлаа. Урьд таньдаг байсан хүмүүс ч танихаа байчихдаг хэцүү цаг үе байсан. Юухан хийхэн олж идэн гол зогоогоод гэр ч үгүй, сургууль ч үгүй, өмссөн хувцаснаасаа өөр юмгүй, улаан нялх хоёр амьтан яах ч юм билээ дээ. Дээр нь аав ээж, ах дүүгээ баривчлуулсан амьтад ямар олиг байхав дээ.
Тэгэж байтал Дэмид жанжны тогооч байсан "местный” орос авгайтай тааралддаг юм байна. Тэр маань бид хоёрыг таниад уйлаад л сүйд боллоо. Одоогийн Монгол банкны тэр хавьд гэртээ нууцаар аваачлаа. Хоол өгөөд "Та хоёр шөнө болохоор ирээрэй” гэж шивнэж хэлээд гаргаж билээ. Бид хоёр хулгайч шиг шөнө нь сэмхэн гэтэж ирж хоноод өглөө эртээ босоод явчихдаг боллоо. Идэх хоолтой, шөнө нь унтах газартай хэдэн сар сайхан л байлаа. Гэтэл энэ жаргал бас удаан үргэлжилсэнгүй. Нэг шөнө ирсэн чинь гэр нь цоожтой. Маргааш нь бас байдаггүй. Хожим сонсох нь ээ, баривчлагдаад 24 цагийн дотор хойш нь гаргачихсан гэж байгаа юм. Ингээд бид "бабушка”-даа бас гай тарьчихав аа. Нэрийг нь мэдэхгүй зөвхөн бабушка л гэдэг байсан юм. Бодвол бас хороосон байлгүй, хөөрхий... \хоолой нь зангирав\
Дахиад л орох оронгүй оочих аягагүй боллоо. Гэтэл Цэдэндамба гэж хөдөөний хүн Элбэгийг маань хүүхдээ болгоно, мал маллуулна гээд хөдөө аваад явчихлаа. Би ганцаараа яаж ийгээд хоног өнгөрөөж байтал бага сургуульд нэг ангид байсан Лхамсүрэн гэдэг найз охинтойгоо тааралдлаа. Холбооны ард 3 дугаар хороонд хашаа байшинтай. Гэрт суудаг байсан байх. Аав ээж нь ч сайн хүмүүс байсан. Уг нь хүний мөс чанар одоотой адилгүй. Даанч Дэмидийн хэргийн хамсаатан болчих вий гэхээс их айдаг цаг байлаа. Хүн ирэхээр намайг амбаартаа нуучихна. Гэтэл нэг эрэгтэй хүн,
-Би Оюуныг сураглаж явна. Ээжтэй нь уулзуулах гэсэн юм гэж ирэв. Миний байсан айлын хүмүүс,
-Манайхаар байхгүй. Ирвэл, бид танд дуулгая л юм болжээ. Тэгээд надад хэллээ. Би ч ээж гэдэг үгийг сонсонгуут л "Тэгье уулзая” юм боллоо. Тэгээд хуучин арьс өнгөний больницын тэнд шоронд хоригдож байгаа ээжтэй минь намайг аваачиж уулзууллаа. Хоёулаа уйлаад л сүйд боллоо. Баривчилгаанаас гурван жилийн дараа 1940 он шүү дээ.
Авах хүнгүй, орох оронгүй бяцхан охин намайг ээжээс минь хүчээр салгаж гудамжинд гаргаад хаячих зүрхтэй хүн олдоогүй учир би ээжтэйгээ шоронд хамт байх боллоо. Өндөр хашаан дотор өдөрт нь гэрт хүүхнүүд юм оёод шөнө нь шоронд очиж хононо. Намайг байгаа болохоор ээжийг маань надтай хамт ажлын гэрт хонуулдаг байлаа. Жил гаруй тэгэж байсан.
Сонирхуулж хэлэхэд, Баянтүмэний "Суран ташуур” хочтой хүүхэн байх. Түүнийг хятадууд их эргэж ирнэ. Янз бүрийн ногоотой, мантуутай, сайхан хоол авчирна. Би тэнд ганцаараа хүүхэд учраас бурхан шиг хүндтэй. Хүн бүхэн ирсэн эргэлтээсээ надад өгнө. Дараа нь тэнд хамт хоригдож байсан Цэрмаа гэж буриад авгай суллагдахад ээж намайг хамт явуулсан. Нөхөр нь Дамбий гэж сайхан ааштай хүн. Тэдний хүүхэд болоод эргээд сургуульд орж нэгдүгээр 10 жилийн дотуур байранд амьдарсан. Дөчин хэдэн онд аравдугаар ангиа онц төгсгөж Москва хотноо сургуульд явсан.
-Нөгөө Элбэг маань тэгээд хаачсан?
-Хөдөө нэг их удаагүй. Авгай хүүхэдгүй Цэдэндамба гэж говийн малчныд очоод идээшээгүй юм билээ. Шөнө хүртэл тэмээгээ саадаг, байж чадахгүй хэцүү айл байлаа гэсээр оргоод ирсэн юм даг. Мал мэдэхгүй хотын хүүхэд аргагүй шүү дээ. Дараа нь сургуульд ороод цэргийн хүн болж, БХЯ-ны гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байгаад дэд хурандаа цолтой тэтгэвэрт гарсан. Би ч бас Төлөвлөгөөний комисс, Улаанбаатар хотын захиргаа, ҮЭ зэрэг энгийн газар 20 жил, армид гадаад захиалга эрхэлсэн ахлах офицер хүртэл 26 жил ажиллаж байгаад бэлтгэл дэд хурандаа болж гарсан юм. Хотын гудамжинд тэнэж явсан хоёр адилхан байгаа биз. Элбэг маань одоо бурхан болчихсон доо.
-Элбэг гуайн үр удам байдаг биз дээ?.
-Нэг хүү байж байгаад өөд болсон. Элбэг ах маань тогтсон амьдрал муутай л байсан хүн дээ.
-Таны ээж юу хийж байсан хүн бэ?


-Миний ээж Дэжид буюу Багданова Зина нь Улаан-Үдийн буриад хүн байсан. Ленинград хотноо химийн дээд мэргэжил эзэмшиж Монгол оронд буцаж ирээд Д.Сүхбаатарын нэрэмжит бага даргын сургуульд багшаар ажиллаж байсан юм. Энэ тухай Сүхбаатарын хүү Галсан гуай сонин түүх хуучилдаг юм. Ээж маань намайг дагуулж Дэжид багш дээр очиж "Миний хүү дэггүй болох шинжтэй. Та хүмүүжүүлж өгөөрэй” гээд шавь оруулсан гэдэг. Дэжид багш намайг удалгүй ангийн дарга болгосон. Итгэл өгч хариуцлага нэмэгдэхэд би томоожсон юмдаг. Дэжид багш их том хүн байлаа гэж Галсан гуай дурсан ярьсан байдаг юм.
-Жанжин Д. Сүхбаатарын нууцын эрхлэгч байсан Баторун гэдэг бас танайхны талын хүмүүс байна уу?


-Тэгэлгүй яахав.  Бага Баторун буюу манай аавын дүү Константин Баторун нь 1921 онд Монгол ардын журамт цэрэгт Омскийн цэргийн тойргоос томилогдон ирж Д.Сүхбаатарын орчуулагч, нууцын эрхлэгч байсан юм. Дараа нь 1922 онд Дотоодыг Хамгаалах газрын даргаар дэвшин ажиллаж байгаад 1937 оны эхээр нутаг буцсан юм. Жанжин Д.Сүхбаатар "Эрдэмтэн нөхөр, хувьсгалч К.Баторунд дурсгав” гээд зургаа дурсгасан байдгийг нь би цэргийн музейд өгчихсөн юм. Тэнэг байгаа биз. 1967 онд "Сүхбаатар зургаа хэнд өгөв” гэсэн гарчигтай "Үнэн ” сонинд гарч байсан. Нутаг буцаагүй бол тэр ах маань бас алуулах байсан биз. Харин санасан дээрээ энд нэг юм хэлэхэд тэр ахын маань хүү Зоригт Баторун 1991 онд аавыг цагаатгах тухай өргөдлийг Москвагаас ирүүлж тэрний хүчинд 1992 онд манай аавыг цагаатгаж, 1995 онд ээжийг маань цагаатгасан юм. Өмнө нь би аав ээжийгээ цагаатгуулахыг хүсэж НАХЯ-нд зургаан удаа өргөдөл өгөөд намайг огт хэрэгсээгүй юм.
-Та түрүүн нэг яриандаа хэлмэгдэл удамшдаг юм байна гээд хэлчихлээ. Энэ ямар учиртай үг вэ?


-Би намд элсэх гээд эцэг эхээ цагаатгуулах гэж өргөдөл өгсөн гэж хэлсэн шүү дээ. Яг үүнтэй холбоотой юм. Миний тэр хувийн өргөдлийн хариуг манай албан газарт өгчихсөн байсан. Тэгэж болдог юм уу. Нөгөө хувийн нууцыг хуулиар хамгаалдаг гэсэн яалаа. Тэгээд намайг мэдэхээс өмнө манайхан дамжуулан уншчихсан байсан. Ингэж намайг хамт олонд дэлгэрэнгүй илчилснээс би зарим хүмүүсийн идэш болсон юм. Атаархуу хорон санаатай зарим нь 1986 оноос надаар оролдох болж, нам бус гэдгээр далимдуулан дайрч цэргийн нууцтай холбоотой чухал ажил дээр намын гишүүн биш хүн ажиллах эрхгүй хэмээн хавчин ажлаас халж 1987 оны 7 сард хүчээр тэтгэвэрт гаргасан юм. Тэгээд бас зүгээр орхиогүй. Хэсэг хүн БХЯ-ны нууцынхантай эвсэж гэрт маань ирж нэгжлэг хийж намайг мөрдөж мөшгин хятадын тагнуул гэдэг нэрээр НАХЯ-ны мэдэлд шилжүүлсэн.  1937 онд л манайхыг Дэмид ах, Надмид гуайнхыг нэгжиж, аав ээж ах эгч нарыг минь мөрдөж мөшгин баривчилж байсан ба яг 50 жилийн дараа намайг цэргийн прокурор хоёр сар, НАХЯ гурван сар мөрдсөн. Октябрийн хувьсгалын 70 жилийн өршөөлөөр тулгаж байсан хэргээ хэрэгсэхгүй болгож санаа амарсан юм. Тэгээд болоогүй. Би улсад 46 жил ажиллаж олон хүүхэд төрүүлж өсгөхдөө ганц дөрвөлжин квадратны эрхгүй тэтгэвэрт гарсан хүн. Цагаатгалын комиссын нарийн бичгийн дарга Н.Сампилноров гуай манайд ирээд,
-Та боломжийн байртай хүн байна гэхэд нь би,


-Та намайг өнөөдөр болж байвал маргааш яах нь хамаагүй гэж бодож байна уу гэж хэлсэн. Манай нөхөр Пунцаг төмөрзамд ажиллаж байгаад жолоон дээрээ нас барсан юм. Энэ байр тэндээс өгсөн байр. Төмөр замд ажиллаж байсан эцэг эх нь өөд болоход хүүхдүүдийг нь хүчээр хөөгөөд гаргаж байгаа тохиолдолтой би бишгүй таарсан. Ийм хувь тавилан миний хүүхдүүдийг хүлээж байна. Хэлмэгдэл төгсгөлгүй үргэлжилж хүүхдүүд маань миний нэгэн адил гудамжинд хөөгдөхөд бэлэн байна. Хэлмэгдэл удамшина гэж үүнийг л хэлэх байх. Үүнийг заавал бичээрэй миний хүү. Манай яамныхан ч  уншиг. Тэдний зарим нь миний байр сууцгүй мөрдөгдөж, мөшгүүлж байсныг мэдэхгүй. Энэ чинь дээгүүрээ нууцаар хийсэн ажил.
-Цаг зав гаргаж ярилцсан танд их баярлалаа.


-Харин чамд их баярлалаа. Бүүр нэг дотор онгойх шиг боллоо. Бүх насаараа миний дотор бөглөрч яваа юм.
Энэ ярилцлагаас хойш арав гаруй он улирсан ч аймшигт хэлмэгдүүлэлтийн гэрч болж өнөөдөр ч үнэ цэнэтэй хэвээрээ байна.
Энэ хар түүхийг "Цагаан номын” хуудсанд
1.Гэлэгдоржийн Дэмид 1900-1937 Архангай. Их тамир. Бүх цэргийн жанжин. Нас 37. ЗХУ-ын нутагт онц сэжигтэйгээр нас барсан. "Гэндэн, Дэмидийн хэрэг  ” гэгчид эчнээ холбогдуулсан. 
2.Чойсүрэнгийн Гэлэгдорж. 1870-1938 . Архангай. Их тамир. Малчин. Жанжин Г.Дэмидийн төрсөн эцэг нас 68, цаазлагдсан. 
3.Баторун Михаил  1890-1937. ЗХУ-ын харьяат, Цэргийн клубын захирал. Нас 47.  1937.12.09  цаазлагдсан.
4.Зина Богданова  1937- 1954   (буриад)  Баторуны гэргий. Улс төрийн хилс хэргээр 9 жил шоронд ял эдэлсэн.
5.Богдановын Навчаа. (Жанжин Г.Дэмидийн гэргий  )  1906- 1937 ( буриад )   Цэргийн эмнэлэгт шинжээч. Нас 31. 1937.10.02  цаазлагдсан. Цаазлагдах үедээ жирэмсэн байсан.
6.Гэлэгдоржийн Надмид (Жанжин Г.Дэмидийн ах)   1898-1937.  Хоршооны ерөнхий хороонд бэлтгэлийн агент. Нас 39. 1937.11.16 нд цаазлагдсан. 
7.Гэлэгдоржийн Ойдов.  1906 -1938. Архангай. Их тамир. Жанжин Дэмидийн төрсөн дүү.     Нас 32. 1938.03.11 цаазлагдсан  гэж бичжээ.


Д.БАТЖАРГАЛ 

/МУИС-ийн багш, доктор/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>