М.Даваасүрэн: Ю.Цэдэнбалыг цагаатгаж төр засаг уучлалт гуйх ёстой

875

Эрдэм судлалын төв, Ю.Цэдэнбалын академийн ерөнхий нарийн бичгийн дарга М.Даваасүрэнгээс цөөн зүйлийг тодрууллаа.
 
-Өнөөдөр Монгол Улсын нам, төрийг 40-өөд жил тасралтгүй удирдсан Ю.Цэдэнбал агсны мэндэлсэн өдөр тохиож байна. Танай төвийнхөн энэ 99 жилийн ойтой холбогдуулж ямар арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ?
 
-Янз бүрийн арга хэмжээ гэхээсээ илүү энэ хүнийг цагаатгах ажлыг архивын баримт материалд тулгуурлан зохион байгуулаасай гэж хүсч байна. Тухайн үедээ төрөөс дээгүүр эрх мэдэлтэй байсан МАХН яагаад энэ хүнийг хилсдүүлсэн юм бэ. Яг энэ асуудлаар МАН-ын болон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар холбогдох баримт материалыг сэргээж өргөн бариад явж байгаа.

1997 онд МАХН / хуучнаар/-ын XXII их хурлын тогтоол гарч, нөхөр Ю.Цэдэнбалыг хилс хэрэгт унагаж, хамаг одон медаль, маршал цолыг нь хурааж авснаа цагаатгаж, 1990 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн VIII бүгд хурлын тогтоолыг хүчингүй болгосон байдаг.

Гэхдээ энэ нь хангалттай биш. Манай намын залуу удирдагч нар өмнөх үеийнхээ алдаа, онооноос суралцах ёстой, тэднийг хүндэлж дээдлэх учиртай гэдэг үүднээс бид үүнийг хэлж байгаа юм.

-Таны удирдаж буй энэ академи 2011 оноос үйл ажиллагаа явуулж байгаа юм билээ. Энэ хугацаанд Ю.Цэдэнбалын тухай, түүнийг олон нийтэд зөв зохистой ойлгуулж таниулахын тулд юу хийв?
 
-"Ю.Цэдэнбалын эрин үе” нэртэй цуврал баримтат киноны гурван ангийг бүтээлээ. Үүнд түүний залуу наснаас эхлээд Орост "цөллөг”-ийн байдалтай амьдралын сүүлчийн мөчөө өнгөрөөх хүртэлх үеийг харуулсан билээ. МАХН /хуучнаар/-ын удирдлага долоон жил Орост цөлсөн юм шүү дээ.

Энэ байдлыг Хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах улсын комиссын дарга Л.Цог руу уламжилж, есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан ч идэвх санаачилга гаргахгүй байгаад нь сэтгэл дундуур байна. Арга ч үгүй байх. Л.Цог нь Москвад гэрийн хорионд байсан Ю.Цэдэнбал даргыг байцааж явсан хүн шүү дээ.

Гэхдээ түүнээс цааш УИХ, Засгийн газраас ажлын хэсэг гаргаж, Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэх комиссын бүрэлдэхүүнийг батлах байх гэж итгэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын гишүүд анхаарал хандуулж, санаачилгатай ажиллаж байгаад талархаж буйгаа энэ дашрамд илэрхийлье.

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн” сонин



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>