Намрын чуулган эхэлсэн долоо хоног

699

Энэ долоо хоног үйл явдлаар дүүрэн болж өнгөрлөө. УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж, "дунштал" хүлээлгэсэн "Амгалан" амаржих газарт нээлтээ хийв. Түүнчлэн Сангийн сайд Б.Болор ирэх онд дэд сайдгүй ажиллаж, зарим яам агентлагийг татан буулгах төсөл өргөн барьснаа мэдэгдлээ.

УИХ-ын Намрын чуулган нээлтээ хийлээ

      Аравдугаар сарын 1-нд буюу өнгөрсөн пүрэв гаригт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Чуулганы хурлыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн. Тэрбээр "Хаврын чуулган болон ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжаагүй зарим хуулиуд бий. Тиймээс намрын чуулганаар хэлэлцэх эхний асуудал болгон оруулж байна. Улсын төсөв 629.3 тэрбум төгрөгөөр тасарч байна. Түүхий эдийн үнэ огцом буурч байна. Тодруулбал нүүрс 150 ам.доллар байсан бол одоо 50 ам.доллар, зэс 7000-8000 ам.доллар байсан бол одоо 5000 ам.доллар болж уналаа.

Гэхдээ бид буруутныг гаднаас биш дотроосоо хайх хэрэгтэй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын өсөлт 17 хүрсэн. Үүнийг энэ хэвээрээ байх нь юм шиг төсөөлж нөхцөл байдалд тооцоо судалгаагүй их мөнгө зарцуулж байна. Өмнөх жилүүдэд төрийн байгууллагуудын хэрэглээ буурсан байна. Айл өрхийн хэрэглээ 4 дахин нэмэгдсэн нь эдийн засаг эрүүлжиж байгаагийн том жишээ юм.

Намрын чуулган цаг хугацааны хувьд ч хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудын хувьд ч хариуцлагатай чуулган болно. Нам эвслийн бүлгүүд, байнгын хороод асуудлыг цаг тухайд нь шийднэ. Та бүхэн чуулганы үйл ажиллагаанд сэтгэл зүтгэн гарган идэвхитэй ажиллахыг уриалж байна” гэсэн юм.

2016 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар дэд сайдгүй ажиллахаа мэдэгдэв

         Сангийн сайд Б.Болор энэ оны төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барив. Тэгэхдээ "Төрийн данхар бүтцийг багасгах төсөв өргөн барина. Ингэхдээ том таналтыг хийж, төрийн зарим нэг агентлагуудыг татан буулгаж, заримыг нь нэгтгэнэ. Мөн 9 яамтай байхаар ярьж байна. 2016 оны төсөв дэд сайдгүй хийгдэж байна” хэмээн тайлбарласан.

Ингэснээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд дахин өөрчлөлт орохоор болж байна. Хамтарсан засаг байгуулахдаа Шударга ёс эвсэл болон ИЗНН-тай хамтарч сайд болон дэд сайд, яам тамгын газруудынхаа квотыг хуваарилсан. Одоо ч гэсэн эзэнгүй болсон зургаан яамны дэд сайдын томилгоог хийхээр бэлтгэж байгаа.

Уг нь Б.Болор сайдын төсвийн тухай хуульд тусгасан төрийн данхар бүтцийг цэгцлэх санал зөв ч гэсэн Их Хуралд суудалтай бусад намууд буюу засагт хамтарч байгаа намууд нь хүлээн зөвшөөрөх үү гэдэг анхаарал татаж байна.

"Хуульчдын холбоо" Ерөнхийлөгчөө сонголоо 

Монголын "Хуульчдын холбоо”-ны хоёрдугаар их хурал Төрийн ордонд болсон. Хуульчид хуралдаанаараа холбооны Ерөнхийлөгчөө сонгосон юм. Ерөнхийлөгчид өмгөөлөгч Д.Мөнхбат, өмгөөлөгч Б.Гүнбилэг, өмгөөлөгч н.Жамъяндагва, өмгөөлөгч н.Баярсайхан нар нэр дэвшээд байсан бол өмгөөлөгч н.Жамъяндагва нэрээ татсан юм. Ингэснээр Д.Мөнхбат, Б.Гүнбилэг, н.Баярсайхан нар санал хураалтад оролцож, Б.Гүнбилэг 51 хувийн саналаар 2 жилийн хугацаанд тус холбоог удирдахаар болсон билээ. Хуралд нийт 535 хуульч сонгогдсоноос 107 прокурор, 107 шүүгч, 217 өмгөөлөгч, бусад 107 хуульч оролцсон байдаг

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Одоогоос 17 жилийн өмнө төрт нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Өдий хугацаа өнгөрсөн ч түүний амь насыг бүрэлгэсэн хэрэг илрээгүй, олон түмний өмнө асуулт хэвээрээ байна.

ЦЕГ "С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсэг ЦЕГ-т байгуулагдсан. Одоо ч татан буугдаагүй. Хэргийг үргэлжлүүлэн шалгасаар байна. ЭЦГ болон ТЕГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Иргэдээс ирсэн мэдээллийг шалгаж,  хууль сахиулах, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг хуулийн байгууллагатай хамтран шалгалтын ажиллагааг хийсээр байгаа” гэсэн ч уг хэргийг илрэхгүй гэдэгт ард түмэн итгэжээ.
Харин бид 17 жилийн турш цэцэг өргөсөн хэвээр.

150 ортой "Амгалан амаржих" газар нээлтээ хийлээ

Нийслэлийн гуравдугаар амаржих газар буюу "Амгалан” амаржих газрын 150 ортой шинэ байр ашиглалтад орж нээлтээ хийв.

Тус амаржих газар нь 45 ортой жилдээ 6000 эх төрж 10000 эх хэвтэн эмчлүүлдэг байсан бол Япон Улсын Засгийн газрын 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр орчин үеийн тоног төхөөрөмж, аппаратаар тохижуулж 9000 ам.метр талбайд 412 өрөө, 150 ортойгоор 220 гаруй эмч, эмнэлгийн ажилчидтай, хүчин чадлын хувьд 3 дахин нэмэгдэж, эмнэлэг ачаалал ихтэй үед орны тоогоо 100-аар нэмэгдүүлэх боломжтой 7 давхар төрөх эмнэлэг болон  өргөжиж үйл ажиллагаагаа явуулахаар болсон юм.

300 гаруй мянган хүн амтай Баянзүрх дүүрэгт 150 ортой тус амаржих газар ашиглалтанд орсноор төрөлт, нярайн тусламж үйлчилгээ, охид, эмэгтэйчүүдийн өвчлөл, жирэмслэлт нөхөн үржихүйтэй холбоотой оношилгоо, эмчилгээ сувилгаа, мэс засал, нөхөн сэргээх эмчилгээнүүдийн  шинэ төрлүүд нэвтэрч, нийслэлийн   хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний  чанар хүртээмж нэмэгдэж үйлчилгээний төрлүүд олшрох юм байна.

Баянчандмань сумын удирдлагууд хүчингийн хэрэгт холбогдов

Энэ долоо хоногийн хамгийн их анхаарал татсан үйл явдал бол Төв аймгийн Баянчандмань сумын удирдлагууд хүчингийн хэрэгт холбогдсон асуудал байв.

Тус сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар нь малын эмч хийдэг Б гэх 26 настай бүсгүйг халдварт өвчин гарсан гэх нэрийдлээр хууран авчирсанаас хэрэг мандсан байдаг. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын 24-ны өдөр Засаг даргын орлогч Б.Ханбаатар нь морины наймаа хийхээр 17.00 цагийн орчимд нутгийн айл н.Ганзоригийнд очжээ. Очихдоо Тамгын газрын дарга Г.Ариунболд, малын эмч Б нарыг дагуулан очсон байна. Наймаагаа тохирч, жин тан болгосон тэд н.Ганзоригийнд архидан согтуурч байгаад шөнийн 00.00 цагт явцгаахаар гарсан аж. Энэ үед Г.Ариунболд бие засахаар гэрээс холдмогц Б.Ханбаатар нь малын эмч эмэгтэйг машиндаа суулган давхин явжээ. Буцаж ирээгүй удсан учраас Г.Ариунболд өөрийн жолоочоо дуудсан байна. Харин түүний жолооч орж ирэхдээ "Б.Ханбаагийн машин урд айлын хажууд байна. Хажуугийн жалганд нь согтуу юм уу, бие нь өвдсөн юм уу нэг хүн сонин дугараад байна” гэсээр орж ирсэн тухай айлын эзэн н.Ганзориг сонинд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Улмаар Г.Ариунболд, н.Ганзориг нар нь жалганы хажууд очтол Б.Ханбаатар нь машиндаа унтаж байжээ. Харин эмэгтэйг цус нөж болсон байдалтай жалганаас олж, яаралтай эмнэлэгт хүргэсэн байна. Хэргийг үргэлжлүүлэн цагдаагийн байгууллага шалгасаар байна.

Б.Чимэг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>