Хэл, мал, оюуны террорист

1056

Саяхандаа, Монгол хэлний тухай хууль баталцгаасан. Тэгээд тэр хуулинд нь ийм нэг заалт байдаг юм. 6.3.Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг болон гадаад хэл заах тусгай зөвшөөрөл бүхий ерөнхий боловсролын сургуулиас бусад ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн зааж болно.


Ер нь бол 5-р ангиас өмнө гадаад хэл заахгүй шүү, тусгай зөвшөөрөлгүй бол, гэсэн логиктой заалт юм л даа. Энэ логикийн цаана нь эх хэлээ хадгалж үлдэх гэсэн мэдлэггүй, гэнэхэн санаа байгаа юм.

Харамсалтай нь эдийн засгийн болон өрсөлдөх чадвар, цаашлаад монгол хүний потенциалыг олж харсангүй. Философийн хувьд ч тэр асар том алдаатай сэтгэжээ. Алийн болгон ингэж мэдлэггүй хүмүүс, гэнэн, нэг сонсоход зөв ч юм шиг, нөгөө бодлын буруу ч юм шиг бодрол дээрээ үндэслэн энэ улсыг хөтлөх вэ дээ.

Дэлхийн Эдийн Засгийн форумын вэбсайт дээр саяхан дараах нийтлэл гарчээ. "Хоёр хэл сурах нь Тархины физик бүтцийг өөрчилж, сэтгэн бодох чадварыг дээшлүүлж, элдэв өвчлөлд өртөх магадлалыг бууруулж байгаа нь бидний судалгаагаар нотлогдлоо" Christos Pliatsikas is a Lecturer in Cognitive Psychology at University of Kent.

Мөн орчин үеийн шинжлэх ухаанд хүний тархи 20 нас хүрээд шинэ зүйл хүлээж авах чадвар нь айхтар саардаг тухай нотолж буй. За шинжлэх ухаанд итгэдэггүй өөр зүйл шүтдэг хүмүүст энэ ч сонин байв л гэж. Харин дээрх ухвар мөчид хуулийн заалт нь философийн хувьд ноцтой үр дагавартай. Тухайлбал 5-р анги хүртлээ Монгол хэлнээс өөр хэл сурч болохгүй гэдэг санаа нь цаанаа Монгол хүүхдийн оюун ухааны чадамж нь нэгээс илүү хэл сурах боломжгүй гэсэн логикийг агуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл дэлхий даяараа 10 настайдаа 5, 6 хэлээр ярьж сурч болоод байгаа энэ эрин үед монгол хүүхдийн оюуны чадамжийг ингэж өчүүхнээр гутаасан хэрэг. Үүнийгээ өөрсдийн хамаатан садны Америкт амьдардаг эсвэл Орос сургууль төгссөн монгол хэл ч үгүй, англи хэл ч үгүй болсон хүүхдүүдээр жишээ татаж зөвтгөдөг. Энэ зөв үү.

Тэр хүүхдүүдэд монгол хэлийг нь англи хэлтэй нь зөв хослуулж заасан бол тийм болох байсан гэж үү. Нэг хойшоо суугаад бодооч. Бодит байдал чиний харж байгаа шиг гэж үү. Бас нөгөө талаас дунд сургуулийн багш нар тэртэй тэргүй одоо 5-р анги хүртэл гадаад хэл заадаггүй ш дээ. Тийм байхад Ганзориг чи юундаа сүржигнэнэ вэ гэж хэлдэг. Үнэн, харин тийм учраас Монгол Улс дэлхийд мэдлэг боловсролоороо 100-с хойгуур байранд жагсаж байгаа юм. Тэгэж гадаад хэл сурах явдлыг нь хойшлуулж ирсэн, одоо бүүр хуульчлаад өгчихөөр монгол хүн үүрд дэлхийд хойгуур явахыг нь Монгол УИХ-н гишүүд бататгаж өгч байгаа юм.

Би харин энд өөр юм яриад байна. 5-р анги гэхдээ 2, 12 төгсөхдөө 3 хэлтэй хүмүүс төгсгөж байж бид дэлхийд өрсөлдөх тухай ярина. Монгол хүн дэлхийд өрсөлдөж чадна. 800 жилийн өмнө Монгол хүн дэлхийд өрсөлдөж чадсан. Харин одоо Монгол хэл дээр ямар ч мэдлэг алга байна. Тэр мэдлэгийг гадаад хэлээр олж авах асуудлын тухай би ярьж байна. Монгол үндэстэн мандан бадрахын учир шалтгаан нь монгол хүний толгой доторх мэдлэг байх болохоос биш толгой доторх монгол бичиг нь биш. Тэгээд ч тэр бичиг чинь өөрөө харийн гаралтай юм. Монгол бичгээр хэчнээн мэдлэг, оюун ухаан дэлхийд байгааг бод.

Өлзийбаярын Ганзориг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>