Монголын шилдэг зураглаач дэлхийд гарлаа

1270

Сүүлийн үед Монголын кино уран бүтээлчид дэлхийд танигдаж эхлээд байгаа. Жүжигчин Б.Амарсайхан "Марко Поло” кинонд тоглосон. Ингэснээр тэрбээр олон ч жүжигчинд "Марко Поло”-д оролцож тоглох замыг засч өгсөн. Мөн жүжигчин Б.Анхням "Чонон сүлд” кинонд тоглож, Хятадын бүхий л алдартай эмэгтэй жүжигчдээс Галсмаагийн дүрийг "булааж” чадсан. Ингэснээр Францын алдарт найруулагчийн нэг сонголт болсон. Мөн Хятад болоод Азийн хэмжээнд танигдаж эхэлсэн.

Тэгвэл бас нэгэн уран бүтээлч дэлхийн хэмжээнд танигдаж, алдартнуудтай хамтарч ажиллаж эхэлсэн нь зураглаач Д.Ангараг. Хятадад зураглаачийн боловсролыг эзэмшсэн тэрбээр Монголдоо бол дээд зэрэглэлд тооцогдох зураглаач. "Дэв” киноноос эхлээд л Монголын үзэгчид түүний ур чадвартай танилцсан байх. Улмаар "Бодлын хулгайч”, "Ану хатан”-аар өөрийнхөө чадвар чансааг хангалттай харуулж чадсан нэгэн. 

Гэхдээ Д.Ангараг Монголдоо л шилдгээр нэрлэгдээд, энэ хүрээнд байхыг хүссэнгүй. Өөрийнхөө чадвар чансааг дэлхий нийтэд харуулахын төлөө зүтгэсэн гэж дүгнэж болохоор эрхэм. Тэрбээр Холливудын болоод гадны орнуудын алдартай зураглаачид болоод кино уран бүтээлчидтэй холбоотой байж, томоохон кино наадам, шагнал гардуулах ёслолуудыг үзэж амжсан. Энэ мэтээр дэлхийд гарах замаа засч явсан тэрбээр Холливудын кино урлагийн "хаалга”-ыг татан орж чадсан байна.

Учир нь Д.Ангараг  "Paramount pictures”-ийн бүтээл "Марко Пологийн дурлал” хэмээх нэгэн кинонд ерөнхий зураглаачаар ажиллахаар урилга хүлээн авчээ. Тэрбээр Лос-Анжелес дахь төлөөлөгчөөрөө дамжуулан шалгаруулалтад оролцсон бөгөөд энэ сарын 28-нд Холливудыг зорихоор болчихоод байгаа. "Марко Пологийн дурлал” хэмээх  киноны продюссерээр жүжигчин Энзо Зелооччи ажиллахын зэрэгцээ гол дүрд нь тоглох бол бусад дүрүүдэд Аль Пачино, Чо Юнь Фат, Мила Кунис, Дуэйн Жонсон нар тоглохоор болсон юм байна. Киноны зураг авалтыг Америк болон Хятадад авах бөгөөд 2018 онд нээлтээ хийнэ гэсэн товтой байгаа аж.

Тэгэхээр Д.Ангараг Холливудын гайхалтай уран бүтээлчидтэй хамтарч ажиллахаар болсон гэсэн үг. Тиймээс манай сонин түүнийг өнгөрсөн "Долоо хоногийн дуулиант нөхөр”-өөр нэрлэж байгаа юм.  Монголын уран бүтээлчид яах аргагүй дэлхийд гарч чадаж байна. Бүр Холливудын гайхалтай уран бүтээлчидтэй хамтарч, зураглаачаар нь ажиллахаар болно гэдэг том амжилт. Одоо тэр зөвхөн Монголынх биш дэлхийн кино урлагийн нэгэн төлөөлөл болох нь. Тэр замаа засч чадлаа.

Ийм том уран бүтээлийн зураглаачаар ажиллахаар сонгогдож чадсан юм чинь цаашлаад олон гайхалтай бүтээлийн зураглаачаар ажиллах байх. Мөн гайхалтай жүжигчидтэй хамтран ажиллаж, Холливудын уран бүтээлч болох нь дамжиггүй биз ээ.  Тэрбээр Америкийн кино академийн 86 дахь удаагийн "Оскар”-ын шагнал гардуулах ёслолд оролцсон авьяастан, "Эрт орой нэгэн цагт Монголын кино бүтээгчид бид энэхүү хорвоо ертөнцийг уярааж "Оскар”-ын цомыг монголдоо авч ирнэ” хэмээдэг уран бүтээлч юм. Тэгвэл яагаад Д.Ангараг шилдэг зураглаачийн шагнал авч, Оскарын шагналтан болж болохгүй гэж. Тэрбээр хүсэл мөрөөдлөө, Монголын уран бүтээлчдийн чин хүслийг биелүүлэх гараагаа ийн тавих нь ээ.  

Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>