Тонгоруу үйлдэл

696

Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд нийслэлд өрнөж байгаа үйл явдал бол хуучин машин зардаг захуудыг хотын төвөөс нүүлгэх. Машины захуудыг хотоос гаргавал түгжрэл багасна гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргаж одоо хэрэгжих шатандаа үргэлжилж байгаа. Хотын баруун хаяанд барьсан төвлөрсөн шинэ зах руу нүүх, нүүхгүй гэсэн хэл ам ч өдгөө тасраагүй байна. Зарим нь аль хэдийнэ очоод төвхнөсөн байхад зарим нь тийм хол явж чадахгүй, зогсоол нь үнэтэй байна, тэр хол хэн очиж машин авах юм гэж гөжүүдэлж буруу хараад суучихаж.

Машины захуудыг нүүлгэх шийдвэр нэг талаас нь харахад зөв ч юм шиг санагддаг. Тэнд л хүмүүс цугларч бөөн түгжрэл үүсгэж байгаа болохоор ард түмний талд орсон, тэдэнд хэрэгтэй шийдвэр гаргасан мэт харагдана. Заримдаа харин ч энгийн борчуудын эсрэг шийд гаргаа юу даа гэмээр.

Дэлхийн аль ч оронд шинэ, хуучин машины захууд байдаг. Тэд энэ асуудлаа яаж шийдсэн байдаг юм бол гээд сонирхож үзлээ. Ялангуяа бидний дагаж дуурайдаг өндөр хөгжилтэй орнууд хотдоо машины зах байлгадаггүй юм болов уу гэтэл огт өөр зураг харагдаж байна.

Хүн төрөлхтөнд аль хэдийнэ нэр алдар, чадал чансаагаараа гайхагдсан "Форд”, "Тоёота”, "Бенз”, "Волксваген”, "Хонда”, "БМБ”, "Хьюандай” гэх мэт луугаруудын үйлдвэр бол хотоосоо нэлээн хол төвхнөсөн байдаг ажээ. Манайхаар бол Баянчандманийн хавьцаа бууриа засаж, үйлдвэрлэлээ явуулж, тэндээ машинаа борлуулдаг байх жишээтэй. Яагаад тэд алсхан газар бууриа засдаг вэ гэхээр компанийн нийгмийн хариуцлагаа биелүүлж буй хэрэг. Эдгээр том үйлдвэрийг ажиллуулж буй эрхмүүд хотын агаар, ус, хөрсийг бохирдуулахгүй гэж, хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчинг бүрдүүлэх гэж төвөөсөө зугтдаг юм байна. Төр нь ч тийм шаардлага тавьдаг.

Нөгөөтэйгүүр дөнгөж үйлдвэрээс гарсан шинэ машин худалдаж авах чадал чансаатай хүнд 60, 70 км давхиж хүрэх нь асуудал биш болохоор машины үйлдвэрүүд хотынхоо гадна байдаг. Харин хуучин машины зах нь хот дотроо байрладаг. Манай Шархадны орчим шиг тийм зайд манайхтай адилхан л баарцаглаж шавааралдаад оршин байдаг. Яагаад гэхээр хуучин машиныг хэр тааруу орлоготой хүн л авна. Явган хүн бол алхаж очоод, арай хол байдаг нь нийтийн тээврээр сүнгэнэж давхиж очоод машинтай болчихно. Тэр хол, хотоос гадагш давхих эдийн засгийн боломж бололцоо нь хязгаарлагдмал. Тиймээс шинэ машины зах нь хотынхоо гадна талд, хуучин нь хот дотроо байдаг. Ард түмэнд хэрэгтэй амьдралд ойрхон шийдвэр гэж үзээд ийм шийдэлд хүрчээ.

Хөгжилтэй орныхтой харьцуулах юм бол манайх яг тонгоруу үйлдэлтэй. Хуучин машины захыг хотоосоо хөөж гаргаж байна. Дундчууд, ядуус хотоосоо гарч байж сая нэг юм хөл дүүжлэх унаатай болох нь. Харин хөрөнгө мөнгөтэй, нийгмийн хариуцлага хүлээх үүрэгтэй компаниуд нь болохоор хотын төвдөө том том газар авч, гял цял байшин бариад шинэхэн машинуудаа зарж байна. "Ниссан”-ы шилэн хорго, "Бенз”, "Волксваген”, "Тоёота”-гийн гээд барилгууд хотын төвдөө хаяа хатгах шахам зайд бий. Эднийг хөрөнгөтэй бийлэгжүү хүмүүс зорьдог. Эдгээр шинэ машины захууд хотын гадна байвал үйлчлүүлэгчид нь холхон шиг зайд төмөр хүлгийнхээ хурдыг шалгасан шигээ давхихад бүр ч илүү сэтгэл ханамж авмаар санагдана. Дээр нь тухайн компани хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад ч санаа тавьж нийгмийн хариуцлагаа биелүүлэх учиртай.

Бид хөгжинө гээд тусдаа хөтөлбөр зохиож санаагаа чилээгээд байх юмгүй санагддаг. Бидэнд хөгжлийн загвар, чиг хандлага, жишээ алдаа оноотойгоо, алдар гавьяатайгаа бэлээхэн байна. Хэдэн зуун жилийн соёл иргэншилтэй, өндөр хөгжилтэй хотуудын хамгийн сайн, манайд тохирохыг нь өөрийн хөрсөндөө буулгаад, түүнийгээ дагаж мөрдөхөд л бид хөгжинө. Яагаад гэвэл бид тэдний араас яваа шүү дээ. Тэд туулдгаа туулаад, хамгийн сайныг нь сонгож аваад хөгжчихсөн улс.

Ингээд бодохоор хуучин машины захыг хотоос хөөдөг нь буруу л шийдвэр бололтой дог шүү.

Д.Энхтуяа

Эх сурвалж:

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>