|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 18:21
26-05-2017, 10:55

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатарын охин хар тамхины хэрэгт холбогджээ

-Хар тамхины 2-3 төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон учир цагдан хорьж, шалгаж байгаа юм байна-

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн олон удаагийн үйлдэлтэй, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан хар тамхины бүлэглэлийг саяхан илрүүлсэн билээ. Харин тэдний дунд дөрвөн эмэгтэй байсны нэг нь Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатарын охин байсан гэнэ.

Энэ сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө тус газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн Тусгай ажиллагааны газартай хамтран Монгол Улсад хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис бүлэглэн зохион байгуулалттайгаар худалдан борлуулдаг Г, М, Н, Б, А, С, М, Б, Т гэсэн нэр бүхий есөн хүнийг Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол зэрэг дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192,2 192,3,4 192,3,5-д заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Баривчлагдсан хүмүүсийн дунд 20-22 насны дөрвөн эмэгтэй байсан гэнэ. Тэд сэтгэцэд нөлөөт "Мөс”, гашиш төрлийн бодис хэрэглэсэн нь цагдаагийн байгууллагад ашигладаг хүний биед хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг илрүүлдэг тестээр тогтоогдсон байна. Тэдний зарим нь 2-3 төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон учир цагдан хорьж, шалгаж байгаа юм байна. Тэдний дунд урьд нь долоон удаа хулгайн хэргээр ял шийтгэгдэж байсан этгээд болон цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа дахин хэрэг үйлдэж баригдсан нэг хүн байсан аж. Эрүүгийн хуулиар тусгай ангид зааснаар дээрх баривчлагдсан хүмүүс 10-20 хүртэлх жилээр ял шийтгүүлэх хэрэгт буруутгагдаж байгаа юм байна.

Мөрдөн байцаалтын явцад уг бүлэглэлийн толгойлогч Г гэгч нь олон жил хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар худалдан борлуулж, оруулж ирдэг байсан нь тогтоогдсон байна. Улмаар түүний зохион байгуулалт дор Г, М, С, А, Н нарын таван хүн хууль бусаар хар тамхи худалдан борлуулж байсан аж.

Тэдний дунд томоохон өндөр албан тушаалтны хүүхэд тэр тусмаа Эрүүл мэнд, спортын дэд сайдын охин хар тамхины хэрэгт холбогдсон нь багагүй шуугиан тарьж байна. Мөн Эрүүл мэндийн салбарын дэд сайдын охин хар тамхины хэрэгт холбогдсонд иргэд бухимдаж буй бололтой өчигдөр сошиал ертөнцөд өөрсдийн байр суурийг илэрхийлж байв.

"Торгон туул” буюу дэд сайдын гэр бүл эмийн бизнес эрхэлдэг

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатарын хувьд өмнө нь Авто тээврийн үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан, 2012 онд Сонгинохайрхан дүүргээс нийслэлийн ИТХ-д нэр дэвшин сонгогдсон, НИТХ-ын Тэргүүлэгчээр ажилладаг. 1990-ээд оноос "Хунчир” ХЭАА, "Торгон Туул” ХХК-ийг байгуулан захирлаар нь ажиллаж байжээ. Улс төрд төдийлөн олонд танигдаагүй нэгэн.

"Торгон Туул” ХХК нь эм борлуулдаг, ер нь түүний алба эрүүл мэндийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг юм байна. Эндээс Эрүүл мэнд спортын дэд сайд болсон нь ашиг сонирхлын хуулийг зөрчсөн гэж харагдаж байгаа юм. Уг нь улс төрийн болон төрийн албанд Авлигатай тэмцэх газрынхан тухайн албан тушаалд очиж буй хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй үгүйг нь тодорхойлдог болоод удаж буй. Харамсалтай нь дээрх хууль ийм маягаар хэрэгжиж буй бололтой.

Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг эмийн үнийн хөнгөлөлтийн санхүүжилт гэж байдаг. 2012 онд 4.8 тэрбум, 2013 онд 11 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Нийт 96 орчим эмийн санд хөнгөлөлт үзүүлдэг аж. Энэ санхүүжилтийг олгохдоо тухайн эмийн санд ногдох хүн амын харьяалал гүйцэтгэлийг тооцож байгаад олгодог юм байна. Үүний хамгийн их буюу 335 сая төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн "Торгон туул” буюу дэд сайдын гэр бүлийн бизнес болох эмийн сан авдаг гэсэн судалгаа ч гарч байжээ.

Тэр охин оюутан

Т.Болдбаатар гурван хүүхэдтэй юм байна. Хар тамхины хэрэгт холбогдсон охин оюутан бөгөөд 21 настай аж.

Түүний талаарх мэдээллийг хүргэх гэсэн боловч хуулийнхнаас ар гэрийнхэн нь хувь хүний нууцтай холбоотой асуудал учир шүүхээр шийдэгдтэл нэрийг нь олон нийтэд зарлахгүй байхыг хүсчээ. Хуулийнхны ярьж буйгаар хар тамхины хэрэгт холбогдож буй хүмүүс гадаадаас эм оруулж ирдэг байгууллагад танил талтай байдаг бололтой. Учир нь энэ төрлийн хэрэгт холбогдсон хүмүүс ямар нэгэн байгууллагын эмийн импорт хариуцсан мэргэжилтэн болон тийм байгууллагатай холбоотой хүмүүсийг таньдаг болох нь анзаарагджээ. Хилээр төмөр чингэлэгтэй орж ирж буй эмийг тэр бүр нягтлаад байдаггүй аж.

Тусгай гаалийн хянах төхөөрөмжөөр хараад гаргачихдаг бөгөөд барааны бичиг, нэр төрлийг нь хэлчихдэг, бичиг баримтыг нь үзээд барааны захаас нь дээж авч шинжилдэг. Эмийн жижиг саванд эм байна л гэж боддог тул тэр бүр баглаа боодлоос нь гаргаж үзэх боломжгүй. Харин тэр болгоныг нэг бүрчлэн шалгадаггүй болохоор тэр дотор юу ч орж ирэх магадлалтай байж болох гэнэ. Ингэж үзэх, хардах хэд хэдэн тохиолдол хуулийнханд гарч байжээ. Гэвч энэ таамаг, хардлагыг үнэн худлыг ил болгох ямар нэгэн баримт одоогоор олдоогүй байгаа ажээ.

Т.Болдбаатар гэж хэн бэ

Тэрбээр 1963 оны дөрөвдүгээр сарын 1О-нд төржээ. 2006-2007 онд Удирдлагын академийн төрийн удирдлага, 2003-2004 онд Удирдлагын академийн бизнесийн удирдлага, 1998-1999 онд Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль, 1988-1990 онд МЛИ сургууль, 1981-1987 онд ОХУ-ын Политехникийн дээд сургууль төгссөн юм байна.

2009 оноос Тээврийн хэрэгслийн оношилгоо зохицуулалтын албаны захирал, 2000-2009 онд "Торгон туул” ХХК-ийн захирал, 1995-2000 онд "Хунчир” ХЭАА-н захирал, 1987-1993 ГГН-ийн инженер, механик, авто засварын газрын дарга хийж байжээ. Монгол Улсын зөвлөх инженер байсан бөгөөд МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн, СХД-ийн Ардчилсан холбооны дарга хийж байжээ.

Д.Маргад

 

Эх сурвалж:

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.