|
Видео

Шинэ мэдээ

Хүүхдэд хортой зам

НҮБ-аас хүний эрүүл мэндэд хортой арван бодисыг нэрлэжээ. Автомашинаас ялгардаг нүүрстөрөгчийн исэл хортой чанараараа цацраг идэвхт бодисын дараа ордог гэнэ. Өнөө бидний ад үзээд байдаг гэр хороолол, уурын зуухны яндангаас гардаг утаа агаарын бохирдлын хорт чанарын дөнгөж арав орчим хувийг эзэлдэг байна. Харин үлдсэн 90 гаруй хувийг автомашинаас ялгардаг утаа бүрдүүлдэг гэсэн судалгаа гарчээ.

Ялангуяа автомашины утаа өвлийн улиралд хамгийн их хортой байдаг. Учир нь хүйтний хэмээс хамаарч агаар нягтарсан байдаг болохоор дээш хөөрдөггүй гэсэн. Өнөөдөр нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа 300 мянга орчим тээврийн хэрэгслээс ялгардаг хорт утаа агаарт замхран сарнихгүй тогтдог байх нь.

Автозам дагуух явган хүний замаар та бага насныхаа хүүхдийг хөтөлж алхахаас татгалзаарай. Хэдийгээр явган зорчигчдод зориулсан энэ хэсэг аюулгүй ч хүүхдэд тун хортой зам юм байна шүү. Тээврийн хэрэгслээс ялгардаг 260 гаруй хорт бодисын нэгдэл болсон утаа хүний амьсгалах түвшинд цацагддаг болохыг эрдэмтэд аль хэдийнэ баталжээ. Тэр дундаа хорт утаа насанд хүрсэн хүний өвдөгнөөс доогуур хэмжээнд агаарт тогтдог байна. Энэ нь алхаж яваа бага насны хүүхдийн уушги руу шууд орно гэсэн үг. Улмаар хүүхдийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, тархины хөгжлийг сааруулах аюултай юм байна. Тиймээс томчууд явган хүний замыг хүүхдэд хортой гэдгийг санахад илүүдэхгүй болов уу. Үүгээр алхахдаа бага насны хүүхдээ аль болох өөртэйгөө чацуу түвшинд байлгахаар тэвэрч явах ёстой ажээ.

Автозам дагасан ногоон байгууламж байх, үгүйд хүмүүс их талцдаг. Сүүлийн жилүүдэд хотын замын ачаалал нэмэгдээд, бөглөрч, таглараад байхад замаа тэлэх нь чухал гээд ихэнх ногоон байгууламжийг асфальтаар сольсон. Харин мод, бут агаарыг цэвэршүүлдэг гэдгийг хүн бүр мэднэ. Тэр дундаа автомашинаас ялгардаг хорт утааг өөртөө шингээдэг. Модод хэдий чинээ замын хажуугаар байна тэр хэрээр бидэнд хүчил төрөгч бэлэглэж байдаг юм. Тиймээс автозам дагуу ногоон байгууламж байх нь ийм л ач тустай ажээ.

М.Мөнхцэцэг

Эх сурвалж:

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.