Үндсэн хуулиа өөрчлөнө гэж "шоудах" нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг тогтоон барих сүүлийн арга

846

Гүйцэтгэх засаглалын тэргүүний эрх мэдлийг "тэнгэрт тултал" өргөх Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьлаа. Үүнийхээ хамтаар ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.

Өнгөрсөн 2012 оны сонгуулийн дараанаас эхэлж яригдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг дөнгөж өнгөрсөн долоо хоногт ийнхүү өргөн барьж байгаа юм. УИХ-ын гишүүн Н.Батбаяр тэргүүтэй нэр бүхий долоон гишүүн "Эцэг хуулиа" тун зоригтой хөндөхөөр шийдсэн нь араасаа ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа.

Тодруулбал, Үндсэн хуулийг Эх хууль хэмээн нэршлийг өөрчлөх,

-Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно,

-Ерөнхийлөгчийг ард нийтийн сонгуулиар сонгохгүй байх.

-Засгийн газар есөн яамтай байх

-Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилох, огцруулах асуудлыг өөрөө шийднэ.

-Улсын Ерөнхий прокурорыг Ерөнхий сайд нэр дэвшүүлж, УИХ-ын зөвшөөрснөөр, Ерөнхийлөгч зарлиг гарган зургаан жилийн хугацаатай томилно,

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж 99 болгох,

-УИХ-ын бүрэн эрх таван жил байх,

-Ерөнхийлөгчийн эрхэд одоо хадгалагдаж байгаа Засгийн газарт чиглэл өгөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх заалтыг хасах,

-Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүнийг Ерөнхийлөгчөөс санал болгож байгааг хасч, Ерөнхий сайдаас санал болгох гэх зэрэг өөрчлөлтүүдийг тусгахаар зэхээд байна.

Бүх эрх мэдлийг Ерөнхий сайдын гарт төвлөрүүлэхээр болсон энэ хуулийн төслийг олон нийт болон УИХ-ын гишүүд цаг хугацаа нь хэт давчуу гэж үзэн дэмжихгүй байгаа. Ялангуяа МАН-ын гишүүд дэмжихгүй байгаа юм. Үүн дээр нэмээд АН-аас Ц.Оюунгэрэл тэргүүтэй хуульч гишүүд оны өмнө энэ өөрчлөлтийг хийж амжихгүй гэж үзсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа сонгууль болохоос зургаан сарын өмнө хийх ёстой. Ингэхийн тулд заавал ард нийтийн санал асуулга явуулахаар хуулиндаа зааж өгсөн байдаг.

Н.Батбаяр нарын өргөн барьсан хуулинд энэ сарын 26-нд ард нийтийн санал асуулга явуулахаар зааж өгсөн. Яг үнэндээ 20 ч хүрэхгүй хоногийн хугацаанд бүх нийтийн санал асуулга явуулж амжихгүй. Улс орны төсөв хямралын байдалтай болсон энэ цаг үед зөвхөн санал асуулгад зориулж 5.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн. Гэвч энэ мөнгийг хаанаас, ямар байдлаар гаргах эх үүсвэр нь тодорхойгүй байна. Мөн УИХ 99 гишүүнтэй болчихвол нөгөө яриад байсан төрийн данхайсан бүтэц, төсвийн хэмнэлт яах вэ.

Ингээд товчоор хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг сонгуулийн өмнө шийдэж чадахгүй. Үүнийг улс төрийн хүрээнийхэн бүгд мэдэж байгаа. Харин эндээс яагаад гэнэтхэн батлагдах боломжгүй Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг нэн яаралтай өргөн барьсан бэ гэдэг асуулт урган гарч байна. Хариулт нь мэдээж "дээсэн дөрөөн дээр дэнчигнэж" байгаа Засгийн газрын хувь заяа юм. Өршөөлийн хууль дээр санал нэгдэж чадаагүй намууд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах шийдэлд хүрээд байгаа. Г.Уянга гишүүний санаачилсан огцруулах бичигт одоогийн байдлаар 17 гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл байна. Хэрвээ гарын үсгийн тоо 19 хүрвэл УИХ-аар хэлэлцэнэ. Хэрвээ хэлэлцэгдвэл огцрох магадлал тун өндөр. Тийм учраас л онцгой дэгээр хуралдаж шийддэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай оруулж ирсэн хэрэг.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа онцгой дэгээр хэлэлцдэг бөгөөд батлагдсан,  батлагдаагүй ялгаагүй энэ хугацаанд өөр хуулийн төслийг хэлэлцдэггүй. Тиймээс тэд энэ хуулийн төслийг хэлэлцэж байгаад шинэ он хүргэх болно. Ингээд он гартал хуралдчихвал Засгийн газрыг огцруулах асуудал ач холбогдолгүй болж хувирна. Тиймээс Засгийн газрыг огцруулах болон дараалсан томоохон баривчилгаануудыг намжаах гэсэн шийдэл нь Үндсэн хуулийн өөрчлөлт юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Шийдлийн гэх Засгийн газрын огцрохгүй байх сүүлийн арга нь Үндсэн хуулийн өөрчлөлт боллоо.

Г.Лхагваа

Zaluu.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>