“САУСГОБИ”-ГИЙН ТОЛГОЙГ ИЛСЭЭР Л БАЙХ УУ
Өмнийн говьд "Саусгоби сэндс” гэж нэг дийлддэггүй компани бий. Татвараас зайлсхийсэн асуудлаар хоригдсон захирлыг нь суллаж, харин татварт 35 тэрбум төгрөг нөхөн төлж, улсыг хохиролгүй болгох шийдвэр шүүхээс гаргасан. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, уул уурхай хямралтай нөхцөл байдлыг харгалзсан төрийн шийдвэр. Гэвч энэ компани өрөвдөхөд өр өшиглөнө гэгчээр өр төлбөрөө төлөх нь бүү хэл сүүлийн үед "Эрдэнэс Тавантолгой”-д чинь хөлсөөр олборлолт хийж тэрүүгээрээ төлье гэсэн шигээ данайж суудаг болжээ.
Овоот толгойд олборлолт явуулдаг энэ компаниар өндөр чанарын коксжих нүүрсний их нөөцтэй Таван толгойгоо тендергүйгээр ухуулах шийдвэрийг бүр Засгийн газраас тогтоол гаргаад зөвшөөрчихсөн. Тодруулж хэлбэл зуун хувь Хятадын хөрөнгө оруулалттай энэ компани төр засгийн ивээлд багтчихаад өнөөг хүртэл Монголын нүүрсийг урд хил рүү зөөж мөнгө олсон шигээ сууна. Татварын өртэй компани тендергүй ажил хийж өрөө төлдөг юм бол Монголын энэ олон компани нөгөө хувцасны компани ч гэсэн төрийн албан хаагчдын хувцсыг оёж өгөөд өрнөөсөө гаръя гэж барьцах нь аргагүй. Татвараас зугтацгаагаад, төлөх болохоороо тендергүй ажил авч төлнө гээд л амар ч юм бишүү.



