Эзэнгүй байруудыг эзэнтэй болгох эрэл
"Буянт-Ухаа” I, II хороололд гэхэд борлогдоогүй 200 орон сууц бий. Гэхдээ голдуу 60-70 ам метр талбайтай нь үлдсэн байна. Эхний ээлжинд хэрвээ иргэдтэй энэ талаар шийдэлд хүрвэл 100-г нь хашаа байшингаар сольж болно хэмээн салбарынхан, холбогдох албаныхан үзжээ. Гэхдээ нийслэл энэ асуудлыг хараахан эцэслэн шийдээгүй байгаа юм.
Орон нутагт ч энэ хэмжээний талбайтай орон сууцууд эзэнгүй байгаа. Эзэнгүй байгаа орон сууцны зардлыг хий төлөх, алдагдалд орох асуудал байгаа учир аймгийн Засаг дарга нарын "Тухайн аймагт барьсан орон сууцны барилгад хүмүүс оруулж, түрээсээ төлөх, зардлаа өөрөө даах боломжийг бүрдүүлж өгөөч” гэсэн хүсэлтийн дагуу Засгийн газрын хуралдаанаар түрээсийн орон сууцыг м.кв-аар хязгаарлалгүй түрээслэхээр шийдсэн байна. Мөн Засгийн газрын шийдвэрээр аймаг, орон нутгийн удирдлагууд түрээсийн орон сууцны асуудлаа өөрсдөө бие даан шийдэх боломжийг өгчээ. Энэ ажлыг энэ сараас эхлүүлж буйгэнэ.
Дашрамд дуулгахад, орон нутагт байрны таван хувийн зээлийг үргэлжлүүлэх асуудал яригдаж байгаа болохоос эцэслэн шийдэгдээгүй байгаа юм. Гэхдээ үүнийг Монголбанк огт үгүйсгэхгүй байгаа бөгөөд эх үүсвэр бодитой болвол орон нутагт ипотекийн зээлийг арай өөр бодлогоор явуулах боломжтой юм байна.
Өнгөрсөн 10 дугаар сарын байдлаар 200 орчим хүн ипотекийн зээлд хамрагдсан байна. Ипотекийн зээлийн эх үүсвэрийн сарын хэрэгцээ 60-70 тэрбум төгрөг. Энэ оныг дуустал сард орж ирж байгаа 20-30 тэрбумын эргэн төлөлтөөрөө ипотекийн зээлийг үргэлжлүүлэх аж. Он дуустал энэ хэлбэрээр явуулж байгаад Сангийн яамны хийж байгаа гэрээ хэлэлцээр амжилттай болвол жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх бололтой.
Д.Билгүүн



