Энхийг сахиулагчдын эрүүл мэндийг ХӨСӨР ХАЯСААР БАЙХ УУ?
Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэгчдийн цөөнгүй нь халууны болоод бусад халдварт өвчнөөр өвчилдөг
НҮБ-ын мандат манай энхийг сахиулагч, үүрэг гүйцэтгэгчдэд цол хэргэм, ур чадвар, ажлын туршлага, ахиу цалин авчирдаг ч эрүүл мэндийг нь авч оддог байна. Нэгэнт олон улсын өмнө үүрэг хүлээж, тангараг өргөсөн учраас энхийг сахиулагчид энэ талаар ам нээдэггүй аж. Тийм ч үүрэг, амлалт өгдөг байх. Гэхдээ үүнийг тэд ямар нэг зүйл хэлэхгүй байгаа юм чинь гээд орхиж бйлохгүй. Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчин цэрэг, дайчдынхаа эрүүл мэнд, амь насыг улс эх орныхоо нэрийг дэлхийн энхийг сахиулах үйл ажиллагаанд өргөж байгаагийнх нь төлөө батлан хамгаалж, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай вакцин, тарилгыг тарих ёстой. Манайхан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг ч энэ нь нэр төдий зүйл байдаг бололтой. Хамгийн аюултай нь энэ нэр төдий урьдчилан сэргийлэлт, вакцинжуулалт дунд өвчний эх үүсвэр, үүсгэгч, сэдрээгч байдаг бололтой.
Учир нь Өмнөд суданд үүрэг гүйцэтгээд ирсэн гурван энхийг сахиулагч өдгөө малери өвчний улмаас үхэл амьдралын зааг дээр тулаад байгааг эх сурвалж дурдлаа. Тэднээс гадна уг өвчнөөр цөөнгүй үүрэг гүйцэтгэгч өвчилж, эмчилгээ хийлгэж байгаа гэх мэдээлэл ч байгаа юм. Гэхдээ энэ талаарх мэдээллийг Зэвсэгт хүчний Жанжин штаб болоод Батлан хамгаалах яамны зүгээс ихэд нууцалж, энхийг сахиулагчдыг ч ямар нэг юм ярьж, задлахгүй байхыг үүрэгдсэн бололтой.
Америкийн халдвар судлаачдын өнгөрсөн онд хийсэн судалгаагаар жилд дунджаар 663 хүн уг өвчнөөр өвчилдөг аж. Мөн Нью-Йорк, Нью-Мехико бсшон ОХУ-ын Волгоград хотод хумхаа өвчнөөр өвдсөн тохиолдлууд бүртгэгдээд байгаа учраас дээрх хотуудын эрүүл мэндийн байгууллага шумуулын эсрэг хор цацах арга хэмжээ авч байсан удаатай. Хумхаа өвчнөөр нас барагсдын төвшин 2000 оноос хойш дэлхийн хэмжээнд 47 гаруй хувиар, Африкт 54 хувиар буурсан ч нэг минут тутамд нэг африк хүүхэд энэ өвчнөөр нас бардаг байна. Саяхан гарсан мэдээллээс үзвэл, 2015 он гарснаас хойш 214 сая гаруй хүн хумхаагийн халдвар авсны 438 мянга орчим нь нас баржээ. 1900 онд, Кубын нийслэл Сан-Кристобал-дела- Хабана хотод хумхаагийн тархалт хурдацтай дэгдэж, олон мянган америк цэрэг хумхаагаар нас барж байсан нь испаничуудын бууны суманд үрэгдсэн цэргүүдийн тооноос ч давж байсан гэдэг. Түүнчлэн Африкийн дайн байлдаантай орнуудад энхийг сахиулахаар ирсэн олон мянган энхийг сахиулагч мөн л энэ өвчнөөр амиа алдсан байдаг. Тухайлбал 1960-аад оны үед мөргөлдөөн, дайн байлдаантай бүсэд амиа алдсан таван цэрэг тутмын гурав нь хумхаагийн улмаас нас бардаг байжээ. Мөн Вьетнамын дайны үеэр АНУ-ын олон мянган цэрэг уг өвчнөөр нас барсан байна. Өнөөг хүртэл хумхаагийн эсрэг бүрэн гүйцэд эмчилгээ олоогүй. Гэхдээ хүмүүс энэ өвчний талаар хангалттай мэдээлэлтэй болсон учир урьдчилан сэргийлэх арга хэмжээг харьцангүй сайн авдаг болжээ. Тийм ч учраас /толгой өвдөх, булчин өвдөх сулрах, чичрэх, бөөлжих, гүйлгэх/ хумхаа тархсан орнуудад аялахаар төлөвлөж байгаа хүмүүст урьдчилан сэргийлэх тунгаар хумхаагийн эсрэг эм уухыг зөвлөдөг байна. Анагаах ухааны 2015 оны Нобелийн шагналыг Хятадын эм зүйч, Хятадын Эм эмнэлгийн судалгааны хүрээлэнгийн тэргүүлэх судлаач Юю Ту "Хумхаагийн эсрэг шинэ эмчилгээ” гэсэн судалгаагаараа хүртсэн. Одоогоор хумхааны эсрэг вакцин туршилтын шатандаа явж байгаа аж.
Ц.ДАВАА, Б.ЭНХ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/



