"Ма багш" юуны учир бизнесээ орхив?
Жэк Ма хэмээх тэрбумтан, Хятадын хамгийн алдартай бизнес эрхлэгч тэтгэвэртээ гарах гэж байна. Тэрбээр жилийн дараа Alibaba корпораци хэмээх өөрийн байгуулсан эзэнт гүрний тэргүүний суудлаа топ менежерүүдийнхээ нэгэнд шилжүүлж, өөрөө Билл Гейтсийн жишгээр сайн үйлсийн аян өрнүүлэх юм. Тэгвэл 54 настай "Ма багш" юуны учир бизнесээ орхих болов хийгээд түүний 20 жил байгуулсан бизнес нь ямархан амжилтад хүрсэн тухай сонирхолтой нийтлэлийг орчуулан хүргэе.
Дахиад нэг жил удирдагчийнхаа суудалд
Жэк Ма Alibaba Group Holding Ltd.-ийн захирлуудын зөвлөлийн даргын суудлаа хүлээлгэн өгөх болсноо энэ сарын 10-нд 54 насны төрсөн өдрөөрөө зарласан юм. Бизнесмэний хэлж буйгаар тэрбээр компаниа дахиад нэг жил удирдаад 55 насандаа тэтгэвэртээ гарах гэнэ.
Жэк Ма удирдлагын суудлаа өгөх хугацаатай холбоотой бяцхан төөрөгдөл гарсан юм. Тухайлбал The New York Times-ынхан энэ сарын 7-нд мэдээлэхдээ Маг энэ долоо хоногт ажлаа өгнө гэжээ. Үүний улмаас тэрбээр ирэх оны 09 дүгээр сарын 10-нд ажлаа өгөх болно гэдгээ зарласан юм. Сонирхолтой нь тэрбээр Хятадын багш нарын баяраар тэтгэвэрт гарах болсноо зарласан байна.

Түүнийг БНХАУ-д болон хилийн чанадад "Ма багш" хэмээн хүндлэн авгайлдаг. Энэ нь түүний англи хэлний багшаар ажиллаж байсантай, мөн амьдрал, үйл хэргээрээ залууст үлгэр дууриал болдгоороо холбоотой биз ээ.
Сайн үйлсийн төлөө
Ма ийнхүү ажлаа өгөх болсноо боловсролын салбар зэрэгт сайн үйлсийн төслүүдэд өөрийгөө зориулах болсонтой холбоотой гэжээ.
Bloomberg-т өгсөн ярилцлагадаа тэрбээр Microsoft-ыг үүсгэн байгуулагч, сайн үйлстэн Билла Гейтсийг үлгэр дууриалаа болгодог хэмээж байсан юм. Хятадын бизнесмэн Microsoft-ыг үүсгэн байгуулагчийн хэмжээнд хүртлээ хэзээ ч баяжиж чадахгүй байж болох ч эрт тэтгэвэр авагч болж болно шүү дээ гэж байв. Сонирхуулахад Гейтс ч мөн 2014 онд 58 насандаа корпорацийн удирдлагын ажлаа өгсөн билээ.
Харин тэрхүү 2014 онд Ма болон Alibaba-гийн үүсгэн байгуулагчдын нэг Жо Цай нар сайн үйлсийн сан байгуулж, компанийн хөрөнгийн 2%-ийг хандивласан. Уг санд нь байгаль хамгаалал болон эрүүл мэндийн салбарын төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг. Өнгөрсөн жил Жэк Ма Хятадын хөдөөгийн боловсролын төсөлд 300 сая юань зарцуулж, Австралид тэтгэлгийн систем бий болгож байжээ.
Жэк Маг сайн дураараа ажлаа өгнө гэхээс өмнө Билл Гейтс л ийм зоримог алхам хийж байсан. Технологийн салбараас өөр хэн ч ийм өндөр оргилд гарчихаад ингэж явж байгаагүй хэмээн Шанхайд байрладаг, Хятадын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн чансааг жил бүр гаргадаг Hurun Report-ын тэргүүн Руперт Хугеверф тэмдэглэжээ. Хятадад бол Ма кино оддоос магнатууд хүртэл олон хүрээллийн найз нөхөдтэй, бүгдийг нэгтгэдэг гэдгээрээ хэнтэй ч харьцуулшгүй хмээн Хугеверф үзжээ. 
Харин NYT «Ма Хятадад бизнес эрхлэх нөхцөл улам бүр муудаж, Бээжин, төр засгаас компаниудын үйл хэрэгт идэвхтэй хутгалдан орох болсон ийм үед ажлаа өгч байна» гэж бичжээ.
Хариуцлагатай, зоримог
Магийн залгамжлагчаар Alibaba-д 11 жил ажилласан, 46 настай Дэниэл Чан ажиллана. Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байгаад 2015 онд гүйцэтгэх захирал болсон түүнийг энэ албандаа авьяас чадвар, ажил хэрэгч, удирдагч чанараа харуулсан гэж компанийн хэвлэлийн мэдээнд дурджээ. Түүний удирдлага дор Alibaba 13 улирал дараалан тогтвортой өсөлттэй ажилласан гэнэ.
Түүнийг мөн зоримог, хариуцлагатай хэмээгээд 2018 онд Хятадын бизнес хэвлэлүүдэд түүнийг №1 гүйцэтгэх захирал хэмээн нэрлэсэн тухай дурджээ.

Дашрамд дурдахад Чанг онлайн, офлайн худалдааны хамгийн том үйл явдал Singles Day буюу Ганц биечүүдийн өдрийг үүсгэн байгуулсан хүн гэдэг. Жил бүрийн 11 дүгээр сарын 11-ний энэ өдөр ганц биечүүд баяраа тэмдэглэж, энд тэндгүй хямдралтай худалдаа зохион байгуулдаг. Өнгөрсөн жилийн энэ өдөр худалдан авагчид 25 тэрбум ам.доллар зарцуулсан гэсэн тооцоо ч байдаг аж.
Чан Alibaba-д ирэхээсээ өмнө хэд хэдэн ажилд бүтэлгүйтэж байсан юм. Шанхайн санхүү, эдийн засгийн их сургуулийг төгссөн тэрбээр Barings банкинд ажилд ортол удалгүй дампуурчихжээ. Ингээд Arthur Andersen компанид ажилд ортол Америкийн эрчим хүчний Enron компаниас болж мөн л дампуурчээ. Дараа нь PricewaterhouseCoopers, Shanda компаниудад ажиллаж байгаад Alibaba-д орсон байна.
Жэкийн босгосон бизнес
Alibaba-гийн одоогийн байдал тун дардан байна гэхэд хэцүү. Тухайлбал, Хятадын зүүн хэсгийн том хотуудад худалдааны өсөлт саарч, сүүлийн үед худалдааны өсөлт 61% гэж байгаа ч их хэмжээний хөрөнгө оруулалтын дэргэд хангалттай үзүүлэлт гаргахгүй байгаа. Үүнээс гадна өрсөлдөгчид ширүүсч, Хятадын Tencent корпораци л гэхэд бэлэн хоолны хүргэлтийн зах зэээлд Alibaba-г давж гарч байгаа юм. Гэсэн ч Alibaba Хятадын тэргүүлэгч компаниудын байр сууриа алдаагүй хэвээр байна.
Thomson Reuters Eikon үйлчилгээний шинжээчид ч Alibaba-д дуртай. Тэдний олонх нь ту компаниар үйлчлүүлж, компанийн үнэт цаасыг худалдан авахыг зөвлөдөг.
Компанийн хөрөнгө $420 сая ам.доллараар үнэлэгдэж, 66 мянга гаруй хүнийг байнгын ажлын байраар хангасан хэвээр байгаа билээ.



