17 тэрбум төгрөгөөс болж хотын захиргааны барилгын ажил зогсох уу?
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх шийдвэрийг 2013 онд Э.Бат-Үүл хотын дарга байх үедээ гаргасан ч санхүүжилтгүй гацсан. Өнгөрсөн өвөл нэгдүгээр сарын 18-ны өдөр С.Батболд сэтгүүлчдтэй "Зангиагүй уулзалт” хийх үеэрээ Нийслэлийн захиргааны шинэ байрыг Яармагийн дэнж рүү нүүлгэх гэж буйгаа зарласан билээ.
Засгийн газар хоёрдугаар сарын 22-ны өдрийн хурлаараа Нийслэлийн төр, захиргааны болон харьяа байгууллагуудыг Яармаг орчимд шилжүүлэх шийдвэр гаргасан. Шинэ цогцолбор Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд буюу Яармагийн наадамчдын зам дагуу "Мөнх хада” төвийн эсрэг талд баригдаж байна.
Хотын захиргаанаас энэхүү бүтээн байгуулалтыг хийлгэхээр "Эм Зэт Жэй”, "Талст ширээт”, "Темпланд” ХХК руу тус тус урилга илгээжээ. Үүнээс "Темпланд” ХХК урилгыг хүлээн авч, хамтран ажиллах саналаа ирүүлсэн байна. Цогцолборын зураг төсөл өнгөрсөн долдугаар сарын сүүлээр бэлэн болж, наадмын дараа барилгын ажил эхэлжээ.
Хотын захиргаан барилга нийтдээ гурван блок барилга баригдана. Наадмын дараа эхэлсэн барилгын ажил одоо 40 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа бөгөөд 10-р сарын 15 гэхэд цутгалтын ажлыг дуусгаж, А блокоо энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байгаа аж. Хотын төвд байгаа хуучин захиргааны байруудаа борлуулаад, шинэ байруудаа барих төсвийн тодорхой хэсгийг шийднэ гэдгийг албаныхан хэлсэн. Шинэ байр ирэх хавар ашиглалтад орж, нийслэлийн захиргааны байгууллагууд нүүж эхлэх аж.
Энэ бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдах 97 тэрбум төгрөгийг ямар нэг тендергүйгээр, зөвхөн 5.0 га түүнээс дээш газартай компанитай хамтран ажиллахаар шууд урилга хүргүүлсэн нь сүүлийн хэд хоногт хүмүүсийн анхаарлыг татаад байна. Урилгыг хүлээж авсан "Темпланд” ХХК БОАЖЯ-ны Газрын дарга Ч.Батсансарын 2015 оны зургадугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зурж, 2015/122 дугаар бүхий гэрчилгээгээр олгосон 9.51 га газрыг Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын аманд аялал жуулчлалын зорилгоор авсан байдаг. Тус компани өөрийн эзэмшлийн 40.000 м.кв газрыг бүтээн байгуулалтад хандивласан. Түүхэн барилга гэдэг утгаар нь барилгын ажилд хандивлах болсон шалтгааныг тодрууллаа.
"Шинэ яармаг” бүтээн байгуулалт нэгдлийн захирал Ч.Батзориг -"Үндэсний таван компани нийлж "Шинэ Яармаг нэгдэл” бүтээн байгуулалтыг байгуулсан. Уг нэгдэлд туслан гүйцэтгэгч 30 гаруй компани бий. Бид түүхэн барилга гэдэг утгаар нь компанийн эзэмшлийн газраас зам дагуух таван га-г чөлөөлж, нийгмийн хариуцлагаа биелүүлэх үүднээс нийслэлийн шинэ төвийн бүтээн байгуулалтад оролцож байна. Барилгын ажлыг хариуцан ажиллах байгаа "Темпланд” ХХК нь манай нэгдлийн охин компани” гэв.
Харин ямар ч тендергүйгээр зарлагдсан 97 тэрбум төгрөгөөр нийслэлийн хотын захиргааг Яармаг руу нүүлгэн шилжүүлэх ажлыг эрс эсэргүүцэж буй "Гэр хороолол” хөдөлгөөнийхөн жагсаал зохион байгуулж, Нийслэлийн Засаг дарга С.Батболдод найман төрлийн шаардлага хүргүүлсэн. Мөн энэ асуудлаар хотын даргыг АТГ-т шалгуулж, огцрохыг шаардаж байгаа юм.
Угтаа Нийслэлийн захиргааг хамгийн анх төлөвлөж байснаараа Баянхошуун хэсэг рүү нүүлгэсэн бол нийслэлийн гэр хорооллын бүтэц хөгжиж, дахин төлөвлөлтийн ажил яааравчлах цаашлаад иргэдийн хашааны газар үнэд хүрэх байсан. Гэвч Яагмаг рүү нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарснаар ард иргэд тендерт шалгараагүй, урилгаар ирсэн "Темпланд" ХХК руу нийслэлийн төсвөөс 17 тэрбум төгрөг шилжүүлэх тохиолдолд С.Батболдыг огцрохын шаардан, тууштай тэмцэх болно гэдгээ илэрхийлсээр байна.
"Гэр хороолол хөдөлгөөн"-хөн "Нийслэлийн захиргааг 97 тэрбумаар нүүлгэн шилжүүлэх ажлыг эсэргүүцэж байна. Энэ мөнгөөр гэр хорооллын 100 мянган айл өрхийг орон сууцанд оруулах боломжтой" хэмээн НИТХ-ын ээлжит бус хуралдааны үеэр эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн.
Гэр хороолол хөдөлгөөн”-өөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод дараах найман төрлийн шаардлага хүргүүлсэн байдаг аж.
1.Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2016/06/10-ны өдрийн 120 дугаар тогтоолоор баталсан "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны барилгын санхүүжилтийг зарцуулах журмыг хэрэгжүүлэх.
2.Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016/10/28-ны өдрийн 4/09 дугаартай тогтоолоор хасагдсан 40 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт эргүүлэн тусгах.
3.2017/06/16-ны өдрийн Засаг даргын захирамжаар баталсан "Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт” олгох журам буюу гэр хорооллын иргэдийн газрыг орон сууцны зээлийн 30 хувийн урьдчилгаанд тооцож, газрын үнэ цэнийг унагаж байгаа ажлаа зогсоо.
4.Гэр хорооллын иргэдэд газраа барьцаалж хөрөнгө босгох, санхүүгийн бүтээгдэхүүн гаргах хөтөлбөрийг үргэлжлүүлэх. Монгол Улсын Засгийн газрын 252 дугаар тогтоолоор баталсан "Сайн хашаа” хөтөлбөрийг үргэлжлүүлэх.
5.Хотын захиргааг "Нүхт”-д шилжүүлэхээр бэлтгэж байгаа шийдвэрийн төслийг цуцлах, хийгдэж байгаа ажлын зураг төсөл, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг гэр хороололд зарцуулах, Хотын захиргааны шинэ цогцолборыг "Ханын материал”-д шилжүүлэхтэй холбогдон гарсан захирамжуудыг үргэлжлүүлэх.
6.Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2016/05/06-ны 86 дугаар тогтоолоор баталсан "Дулаан техникийн шинэчлэлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хуучин орон сууцыг дулаалах үйл ажиллагааг үргэлжлүүлэх.
7.Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014/05/26 ны өдрийн 17/17 тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/460 дугаар тогтоолд заасан Нийслэлийн орон сууцны хөтөлбөр, амжилттай явж байгаа иргэдийн бүлэг болох, жишээлбэл "Нарлаг буянт ухаа”, "Газрын эзэн Баянзүрх” зэрэг иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулах ажлыг үргэлжлүүлэх.
8.2012 оноос өмнө газрын эздэд хямд үнэ тулган газрыг нь худалдан авч, цааш нь өндөр үнээр дамлан бизнес хийдэг байсан хуучин ажлаа одоогийн удирдлагууд сэргээлээ. Эрин зууны энэ луйвраа зогсоохыг тус тус шаардаж байна.
Т.Номун



