“Скай ресорт” 12 жилийн турш дархан цаазат газрыг “цоордох” аргаар төлбөргүй ашиглажээ
Нийслэлчүүдийн эрүүл агаарт чөлөөт цагаа өнгөрөөдөг цөөхөн газрын нэг бол “Скай ресорт” цанын бааз юм. “Эм Си Эс” компанийн байгуулсан энэ амралт, чөлөөт цагийн цогцолбор бол яахын аргагүй нийслэлчүүдэд хэрэгтэй газар. Гэхдээ “Эм Си Эс” компанид ашиг тусаа өгдөг нь дамжиггүй.
Анх 2004 онд “Мариот” ХХК-д Хүрхрээгийн аманд 5.0 га газрыг ашиглуулах зөвшөөрлийг Байгаль орчны яамнаас олгожээ.
2008 онд Богдхан уулын Дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар үйл ажиллагаа явуулах урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулжээ.
2013 онд Богд хаан уулын Дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар үйл ажиллагаа явуулах, хариуцан хамгаалах хамтран ажиллах гэрээ нэртэй болж хувирсан байна.
“Мариотт” ХХК буюу одоогийн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тус компанийг хариуцаж байхад гурван сайдын хамтарсан тушаал гарч, “Скай ресорт” цанын баазын ашиглаж буй газрыг төлбөрөөс чөлөөлсөн байгаа юм.



