Амрыг бодож, аяыг дагадаг Ерөнхийлөгчийн үед төр ялзардаг жамтай
Аль нэг улс орны төрийн байгууламжийн талаар ярихдаа төв төрийн үндсэн шинж, төрийн тогтолцооны зохиомж, түүнийг бүрэлдүүлдэг арга, үйл ажиллагааны технологи, үндэсний уламжлал ба онцлогтой хэр сайн нийцэж байгаа зэргийг гол болгон үздэг. Төв төрийн хувьд түүний дотоод зохиомж, бүрдэл, бүтцийг байгууламж гэж ойлгох ба төрийн байгууламж ямар байх ёстойг Үндсэн хуульд тов тодорхой заасан байдаг.
Ингэж анх үүссэн төрийн шинэ тогтолцоо, байгууламж нь 1996, 2000, 2004, 2008, 2012 оны сонгуулиудаар ээлжит халаа, солиогоо тайван замаар хийж, жилээс жилд боловсронгуй болсоор эдүгээ гэхэд 21 дэх жилийнхээ нүүрийг үзээд байна.
Шинэ Үндсэн Хуулийг АИХ-ын чуулганаар 70 гаруй өдөр дагнан хэлэлцэж баталсан явцад мөн л өмнө дурдсан хоёр хандлага, эрмэлзэл нь маргаан, мэтгэлцээний үндсэн чиглэл болсоор байлаа.
Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 1-д "Монгол улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн…мөн” гээд цааш нь тэрээр бэлгэдлийн төдий, голчлон хэлбэр, ёслолын төдий шинжийн эрхтэй субъект огт биш болохыг мөн тод томруун хуульчилжээ.
Монгол улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргээс үзэхүл тэрээр гүйцэтгэх засаглалын тал нь давамгайлсан эрх, үүрэг бүхий субьект юм. Гэхдээ монголд хос, зэрэгцээ засаглал буй гэж хэлж бас боломгүй. Засгийн газрын үйл ажиллагаа, эрх, үүргийн хэрэгжилтэнд Ерөнхийлөгчийн алба хяналт тавьдаг, дэмжлэг үзүүлдэг, зарим тохиолдолд хамтарч ажилладаг гэвэл илүү онох мэт санагдана.
Монголын төрийн тогтолцооны өөр нэгэн дэд систем бол Ерөнхийлөгчийн алба юм. Ардчилсан орнуудын практикаас харахад ард нийтийн санал хураалтаар сонгогдсон, ард түмнээс засаглах эрхээ авсан нэг буюу хэд хэдэн байгууллагад төрийн дээд эрх мэдлийг өгдөг байна.Төрийн бүрэн эрхт эрхийн шууд эзэн нь ард түмэн болох тул мөнхүү эрхийн мандатыг зөвхөн ард түмний гараас авах учиртай ажээ.



