Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт: Туранхай хонь идэштэй, тарган чоно бүтэн үлдэх боломж
УИХ-ын ээлжит бус чуулган Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, бүх нийтийн санал асуулга явуулахаар шийдвэрлэснээс хойш сар гаруй хугацаа өнгөрөв. Таван жил дамжин нийгмийн анхаарлыг татаж, улс төрийн хүрээнийхний мэтгэлцээний гол бай болж байсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал одоогийн эрх баригчдын төсөөллийн түвшинд тодорхой томъёоллоор хүрч шийдэгдэж байна.
1.5 Хууль, шүүх тэгш үйлчлэх зарчим хөсөрдөн, эрх мэдэлтнүүдэд хууль үйлчлэхгүй болж, төрийн эрх мэдэл ард түмний хяналт, хүсэл зоригоос хөндийрч холдон, баян чинээлэг, эрх мэдэлтэй бүлгүүдийн дур сонирхлын захиалгат үйлчилгээ болж байгаа бусармаг үзэгдлийг таслан зогсоохыг шаардаж байв. Товчоор өгүүлбэл, 1992 оны Үндсэн хуульд "Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэж тунхагласан атал олигархи бүлэглэлийн ноёрхолтой "зэрлэг капитализм” руу гулсаж байгаа хандлагыг таслан зогсоохыг нийгмийн зонхилох хэсэг хүлээж байв.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн явцад намуудыг төрийн дээр залж, нам төвтэй тогтолцоог бататган хамгаалж аливаа эрүүл үзлийг боомилон хавчиж, Монголын улс төрийн орон зайд дангаар ноёрхох нөхцөл бүрдүүлэхийг зорьж байжээ.
Монголын парламентын арчаагүй байдал, Засгийн газрын тогтворгүй байдлыг ашиглаж гаршсан шинэ колоничлогчид "сонгодог парламентын засаглал” хэмээх номлолоор төрийн эрх мэдлийг ард түмнээс холдуулж, төрийн бодлогын нэгдмэл чанарыг сулруулах, өөрсдийн хүүхэлдэйн Засгийн газар байгуулах баталгаа бий болгох нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөс тэдний хүлээх гол горьдлого болж байв.



