Дөрвөн хүний амь хөнөөсөн “Монгол хөвгүүд” бүлэглэлийг баривчилжээ
АНУ-ын Калифорни мужийн Фресно хотод өнгөрсөн 11 дүгээр сард нэгэн цэцэрлэгт хүрээлэнд цуглан хөлбөмбөгийн тэмцээн үзэж байсан хүмүүс рүү зэвсэглэсэн бүлэг этгээдүүд дайрч, дөрвөн хүнийг буудан хөнөөж, зургаан хүнийг шархдуулан харамсалтай хэрэг гарсан.
Тэгвэл эл хэрэгт эрэн сурвалжлагдаж буй гэмт этгээдүүдийг баривчилжээ. Тодруулбал, Билли Сионг гэгчийг арванхоёрдугаар сарын 17-нд баривчилсан бөгөөд сэжигтэн баривчлагдах үедээ хар тамхи зөөвөрлөж явсан төдийгүй аллагад ашигласан есөн мм-ийн хагас автомат гар буугаа авч явсан байна. Удалгүй үлдсэн этгээдүүдийг илрүүлэн баривчилж, олон тооны автомат, гар буу, бэлэн мөнгө зэргийг хураан авчээ.
Гэмт этгээдийг өөрсдийгөө "Монгол хөвгүүд” гэж нэрлэдэг бөгөөд амиа алдсан хүмүүс дунд тус бүлгийн дайсан "Asian Crips” бүлгийн гишүүд байсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр өмнө нь "Asian Crips” бүлгийнхэнд хөнөөгдсөн нэг гишүүнийхээ өшөөг авч зэвсэглэн дайрсан байна.



