С.Эрдэнэ биш, нам нь С.Эрдэнийг "хаяжээ"
Хоёр ч парламентын сонгууль дараалж ялагдал хүлээж сөрөг хүчний үүргийг чадан ядан гүйцэтгэж яваа АН-ынхан найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнийг сойсон ч ялалтын үзүүрээс атгаж чадалгүй, уналаа.
С.Эрдэнийн хувьд нам дотроо хэл ам, хэрүүл тэмцэл дунд нэр дэвших эрхээ авч, зургаа дахь төрийн тэргүүний суудлын төлөө хүч үзсэн ч нийт сонгогчдын ердөө 5.99-хөн хувийн саналыг авсан нь С.Эрдэнэ АН-аас биш, АН-ын гишүүд, дэмжигчид нь С.Эрдэнээс явсныг харуулав.
Учир нь, улс төрийн хоёр дахь хүчин болох АН бол 200 мянга гаруй гишүүд, дэмжигчтэй. Гэтэл намаасаа нэр дэвшсэн С.Эрдэнэд тэдний тал ч хүрэхгүй хувь нь саналаа өгсөн нь дээрх үйл явцыг баталж байна.
Үнэндээ АН-ын дарга гэх тодотголтой ч тамга, тэмдгээ эзэмших эрхгүй шахам яваа УИХ-ын гишүүн асан С.Эрдэнээс журмын нөхөд, гишүүд дэмжигчид нь "нүүр буруулах" болсон нь хэд, хэдэн шалтгаантай юм.
Хамгийн наад зах нь, нам нь дотроо хоёр хуваагдаж, хоёр тийшээ хараад суучихсан явдал. Дотоод асуудлаа шийдэж чадалгүй явсаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нь ялагдлын гол шалтгаан ч байж мэднэ.
Нөгөө талаараа С.Эрдэнэ өнгөрсөн 2020 оны парламентын ээлжит сонгуульд намаа удирдаж орсон ч ялалт байгуулж чадаагүй төдийгүй парламентад бүлэг байгуулах хэмжээний суудлыг дөнгөн, данган авсан байдаг.
Харин хоёр дахь ялагдал нь саяхан болж өнгөрсөн Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль байв. Тэрбээр сонгуульт ажлаа үргэлжлүүлж байх хугацаандаа "Би Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах бүрэн боломжтой" гэж хэвлэлд ярилцлага өгч байлаа.
Гэвч тэр ялалт байгуулах нь битгий хэл намынхаа 200 мянга гаруй гишүүд, дэмжигчдийн саналыг ч бүрэн авч чадсангүй, дүнгээ тавиулав. Энэ бол АН-д тавьсан дүн гэхээсээ илүүтэй С.Эрдэнэ гэх хувь улстөрчид нь өгсөн журмын нөхөд, гишүүд дэмжигчдийнх нь үнэлгээ байлаа. Үүгээрээ өнөөг хүртэл АН-ын тамга, тэмдэгтэй зууралдаж суугаа С.Эрдэнэ намаасаа яваагүй ч,нам нь С.Эрдэнийг орхисон дүр зураг уншигдаж эхэллээ.



