"Дан дээл"-тэй сайд нарын дадлагажихыг улсаараа хүлээж л суух уу?!
Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр “давхар дээл”-тэй сайд нарын тоог хязгаарласан. Уг санаа нь их зүгээр л дээ. Эрх барьсан намынхан “...Сайд болно” гэж зодолдоод, намаа хагалаад, тэгээд тэр нь төрийн хэрэг болоод явчихдаг. Тэрийг үгүй хийх байжээ. Энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр “...Шинэ Засгийн газар гарч ирэх бүртээ хоёр том зовлон үздэг. Нэг нь орон тоо цөөлөх, хоёр дахь нь "хүмүүсээ" байршуулах. Энэ хоёр хадны дундуур хохирол амсалгүй гарсан Засгийн газар үгүй. Асуудал тогтолцоондоо байгаа. Төрийн албыг улс төрийн сонгуулийн занганаас гаргаж чадвал Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг том хожоо гарах учиртай, уг нь” хэмээн “жиргэж” байв.Өөрөөр хэлбэл, сайд нар улс төрийн ашиг сонирхлоос ангид байж, ажлаа гялалзтал хийх ёстой гэсэн гол агуулгатай байв.
Засгийн газар ингэж улс төрийн зуйгуул хэллэгээрээ “дан дээл”-тэй сайд нартай болчихсон юм.
Сар гаруйн өмнө Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үед УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан “...Ер нь чадахгүй юм байж албан тушаалд яасан дуртай болчихсон юм. Ажлаа хийж чадахгүй хүмүүсийг чөлөөлөөд явмаар байна. Тэр хариуцлага тооцох хүмүүст нь тооцооч. Амьдрал, улс орныхоо нөхцөл байдлыг мэдэхгүй” гэж хатуухан хэлсэн. “Дан дээл”-тэй сайд нарыг хэлж буй хэрэг.
Эндээс үзэхэд, энэ “дан дээл”-тэй сайд нар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид ч төвөг болдог бололтой. Тиймээс мань эр “...Сайд нартай холбоотой шүүмжлэл нэг талаас гарахаас өөр аргагүй”, “...Залуу сайд нар самгардах явдал их байгааг үгүйсгэхгүй” гэж шуудхан дуугарч байна гэж ойлгогдлоо.
Харин оронд нь ажлыг яаж ийгээд амжуулдаг сайд, дарга нарыг “олж” тавих цаг иржээ.




