Уран биш аккумуляторын хордлогыг ярих цаг болжээ
Ерөнхийдөө малын гажгийн зонхилох шалтгаан нь сүргийн бүтцийг шинэчлэлгүй цус ойртолт явагдахад хүртэл нь арчлахгүй байгаагаас хамгийн өндөр хамааралтай байгааг дээрх судалгаа харуулж байна. Энэ бол уранаас болж мал хордоод байгааг няцаах эхний шалтгаан. Хоёрдугаарт, малчид малаа адуугаар биш машин, мотоциклоор тууж, автомат шахуургаар ус татан усалж байгаа нь бас нэг шалтгаан болж байгааг малын эмч хэлж байна.
Ер нь худаг усан дээр химийн элементүүд байгалаасаа нэлээд өндөр агууламжтай гараад 2020 онд Засгийн газраас ажлын хэсэг гаргаж, 6-7 худгаас ууж болохгүй, усыг нь цэвэршүүлэх төхөөрөмж тавих шаардлагатай гэж дүгнэсэн. Гэтэл ямар ч төхөөрөмж тавьж, арга хэмжээ аваагүй, мал, хүн уусаар байна” гэдгийг Б.Мөнх-Эрдэнэ эмч ярьсан.
Хүнд металлын шинжилгээгээр 16 худгаас 4 худагт уран зөвшөөрөгдөх хэмжээнээс 4.4-11 дахин их буюу стронци зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.5-3 дахин их агуулагдаж байсныг тогтоосон. Таван худагт хүнцэл зөвшөөрөгдөх хэмжээнээс 40%-80% өндөр, нэг худагт марганец зөвшөөрөгдөх хэмжээнээс 92% их байгаа нь тодорхой болсон. Усан дахь уран, хүнцлийн агуулга өндөр байгаа нь тухайн газар нутгийн геологийн тогтоцтой холбоотой гэж эрдэмтэн судлаачид ажлын хэсгийхэн дүгнэсэн байдгийг онцлох хэрэгтэй.
Худгаас малаа услахдаа дизель мотор, помп ашигласнаас тос нь худгийн ус руу орох тохиолдол байгааг Б.Мөнх-Эрдэнэ хөндөн ярьсан. Тэгээд зогсохгүй машин техникээр малаа хариулж байгаа нь машинаас ялгарах угаарын хийгээр мал амьсгалах, өвчлөх бас нэгэн шалтгаан болж байгааг хэлсэн юм.
Малчдаас шалтгаалах, бусдын үл анзаарах бас нэгэн чимээгүй аюул үүсээд буйг Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Батцэцэг ярьсан юм. Энэ бол хөдөөгийнхний өдгөө түгээмэл хэрэглээ болсон аккумулятор бөгөөд уранаас илүү хор учруулж байх эрсдэлтэй талаар тэрбээр ийн ярилаа.
Энэ ташрамд тэрбээр Дорноговь аймагт Улаанбадрах сумын иргэдийн өвчлөл онцгойлсон өндөр үзүүлэлтгүй, ургийн гажиг төрөлт бусад аймагтай харьцуулахад дундаж ба доогуур гэдгийг хэлсэн юм.




