Дэлхийн улс төр: ХКН-ын XX их хурал дэлхий дахины анхаарлын төвд
Өчигдөр эхэлж буй Хятадын Коммунист намын /ХКН/ XX их хурал бүтэн долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд "эрин үеийн шинжтэй түүхэн үйл явдлын” өрнөлийн талаарх таамаг дүгнэлтүүдээ олон орны шинжээч, эдийн засагчид дэвшүүлсээр байна. Дэлхийн хоёрдахь том эдийн засаг болох БНХАУ-ын цаашдын хөгжлийн төлөв ойрын 5-10 жилийн хугацаанд ямар байх вэ гэдэг нь дэлхий дахины анхаарлыг татах нь зүйн хэрэг. Тус их хуралд Хятад улсын өнцөг булан бүрээс намын бүх шатны үүр, хороодын 96 сая гаруй гишүүдийг төлөөлсөн 2300 орчим хүн оролцох ба намын удирдах бүрэлдэхүүнийг сонгох эцсийн шийдвэрийг Сахилга батыг хянан шалгах Төв комисс, 204 гишүүнтэй намын Төв Хороо, 25 гишүүнтэй Улс төрийн товчоо гаргана.
Их хурал эхлэхээс хэдхэн хоногийн өмнө, 7-ний өдөр ХКН-ын Сахилга батыг хянан шалгах комиссын 7 дугаар бүгд хурал, 9-ний өдөр ХКН-ын Төв Хорооны 7 дугаар бүгд хурал тус тус болж, Төв Хорооны 370 орчим гишүүн их хуралд тавих намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жинпиний илтгэлийн төсөл ба намын дүрэмд оруулах өөрчлөлтүүдийг хэлэлцэж, авлигын эсрэг тэмцлийг удирдан зохион байгуулсан намын Сахилга батын комиссын тайланг сонссон байна.
Ли Көцян улс төрөөс холдох эсвэл өөр албан тушаалд хаших тохиолдолд түүнийг орлох хамгийн өндөр магадлалтай хүн бол засгийн газрын шадар сайдаар 2013-2018 онд ажиллаж байсан, дээр дурдсан "Том долоо”-гийн нэг болох Ван Ян мөн гэж Ройтерсийн шинжээчид таамаглажээ. Эдгээр томилгооны асуудлаар намын их хурлаас гаргах шийдвэрийг ирэх оны 3 дугаар сард хуралдах "Хятадын хоёр чуулган” буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын болон Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн ээлжит чуулганаар албан ёсоор баталгаажуулж, Ерөнхий сайд болон төрийн өндөр дээд албан тушаалтнуудын нэрс эцсийн байдлаар тодорхой болно.
Хамгийн сүүлд шийтгүүлсэн 4 том "бар” бол Хууль зүйн сайд асан Фу Жэнхуа, Бүх Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн комиссын дарга асан Шэн Дэюн, тус комиссын Шаньси муж дахь хорооны дарга асан Ли Зя, Зянсу мужийн намын хорооны дарга асан Жан Зинхуа нар болой.






