С.Баярцогт хэлмэгдчихсэн юм биш үү?!
АН нэг аятайхан даргатай болох сураг дуулдаад удлаа. Тэр нь С.Баярцогт юм. "Экс”-үүд түүнийг АН-ын даргад илтэд дэмжин зүтгүүлж буй. Ил далд уулзалтыг энд тэнд олон удаа хийсэн. Тэрхүү "ухуулан сэнхрүүлэх” ажил нь тун бүтэлтэй яваа аж. Өөрөөр хэлбэл, С.Баярцогтыг АН-ын дарга болгох дээр дээгүүрээ тохироонд хүрч чадсан байна. Харин энэ тохироог анхан, дунд шатны гишүүд нь ойлгохгүй байгаа бололтой. Том хурал зарлаад томилчихож чадахгүй гацчихаад байгаагаас энэ нь харагдаж байна.
Уг нь С.Баярцогт УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Байгаль орчны сайд, Сангийн сайд байсан. Бас МХЗЭ-ийн Төв хорооны дэд тэргүүлэгч, МЗХ-ныерөнхийлөгч, МСДН-ын дэд даргаар ажиллаж байв. Мундаг улстөрч л дөө.
Харин 2018 онд Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудал сөхөгдөж, түүнийг балласан. АТГ-аас эхлээд хууль хяналтынхан мууг нь үзэж, нам нь хүртэл хөөж байв.
Тэгвэл энэ асуудлаас нь болж, АН-ынхан 2018 оны гуравдугаар сарын 20-ны өдөр "намаас хөөсөн” байдаг. Тэр талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай нар мэдээлэхдээ "...Швейцарийн дээд шүүх С.Баярцогтыг Сангийн сайдаар ажиллаж байхдаа "Рио Тинто” компаниас Швейцарь дахь дээрх дансаар дамжуулан 10.1 сая ам.доллар шилжүүлэн авсан гэж үзсэн.
Ингээд явж байтал нь 2020 оны тавдугаар сарын 14-нд АН-ын ҮБХ-ны хурлаас С.Баярцогтын намын гишүүнчлэлийг сэргээж, УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх олгосон. Тэгээд удалгүй, зургадугаар сарын 18-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогтыг цагдан хорих шийдвэр гаргасан байдаг юм.
Гэтэл ингэж гурван шатны шүүхээр шийдэгдээд байсан С.Баярцогтын хэргийг 2021 оны долдугаар сарын 19-нд Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хоёр шүүгчийнхээ тусгай саналын дагуу нэгдсэн хуралдаанаараа хэлэлцсэн. Тэгээд түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн.
Ингээд уг хэрэг сураг алдраад байсан юм. Харин дээрх явдлаас жил орчмын дараа, 2022 оны долдугаар сарын 6-нд прокурорын байгууллагаас мэдээлэл хийх үеэр "...С.Баярцогтод холбогдох хэргийг мөрдөх байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай НПГ-т ирүүлсэн. Манайхаас хянаж үзээд мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэж мэдэгдсэн юм.



