Украин: 102 мянган үхдэлтэй “дедмороз”-оо угтана
Өнгөрсөн ням гаригийн байдлаар 102 мянга 600 оросын эзлэн түрэмгийлэгч алагдсан байдалтай дүн гарчээ. Фронт дээр сөнөөлгөсөн танк нь нийт 3016. Байлдаанд бэлэн сойлттой танк нийт 3500-тай гэсэн тоо бий. Тэгвэл Орос даяар бусад тойргуудад 500-хан танк үлджээ. Хуягт тээвэрлэгч орчин үеийн дайны гол хэрэгсэл, уналга, тээвэр, гэтэл хоногтоо 7-10-ыг сөнөөлгөж байна.
Тэр дундаа Бахмутын чиглэл бол орос-украины дайны хамгийн том талбар болж байна. Путинээ баярлуулчих санаатай энэ хот руу хагас жил довтлоод нэмэргүй. 2022 оны төгсгөлд хотыг заавал ав гэсэн хатуу үүрэг Москвагаас ирсэн, гэвч хотыг Украины зэвсэгт хүчин тогтоон барьж хяналтаасаа алдахгүй байна.
Орост цэрэг татлагын, бэлтгэл цэргийн үүрэгтнүүдийг татдаг үр бүтээлтэй систем алга, фронт дээрхи хээрийн эмнэлэг бүр муу болхи байна, контрактникуудыг хэрхэн элсүүлэх, татах, ажиллуулдаг систем хоцрогдсон байна, цэргийн бэлтгэл сургуулилалт муу байна, арми ба нийгмийн хоорондын харилцаа буруу төлөвшсөн, оросын армийн офицерын бүрэлдэхүүний бэлтгэлийн стандарт хоцрогдсон, тийм учраас Украинд олноороо алуулсан, бүр 15 генералаа алуулчихсан байгаа тухай израилийн “ЦАХАЛ”-ын бэлтгэл хошууч Виктор Верцнер ярьж дүгнэжээ.
Ганц Казахстан биш, цаана нь Азербайжан гэж хүний үнэргүй бас нэг дайсан байна, Киевийг эзлэн авсныхаа дараа Молдов руу дайрагтун, Молдовыг буулгаж аваад Орост нэгтгэе гэхчлэн Оросын төвийн ТВ-үүдээр ам мэдэн ярьцгаана. Зеленский АНУ-д айлчлаад, Европоор тэнээд 7 хоног эзгүй байх хооронд нь Киевийг эзлэе л дээ хэмээн хатагтай Скабеева БХЯ, ЗХЖШ-аа уриалан дуудаж байгаа харагдав.
Тэгэхдээ зарим шинжээчдийн үзэж байгаагаар, Владимир Путинд бүх бурууг тохох нь учир дутагдалтай гэнэ. Тэр мэдээж дээд шийдвэр гаргасан. Харин тэгэхийнхээ өмнө цэргийн тусгай ажиллагаа явуулахыг гурван удаа хойшлуулж хүчингүй болгуулсан ба тийм ажиллагаа явуулах санаа оноо Оросын Холбооны аюулгүй байдлын албанаас гарч, түүнийгээ бүх талаар хамгаалж ятгасаар байгаад эхлээд Жанжин штабаар зөвшөөрүүлж дараа нь Дээд ерөнхий командлагчдаа өргөн мэдүүлжээ.
Гиркин гэж 2014-2015 оны Донбассын дайны баатар, Оросын ФСБ-гийн хурандаа нөхөр чухам хаанаас постлоод байгаа нь мэдэгдэхгүйгээр ОХУ-ын арми, зэвсэгт хүчин, БХЯ, Жанжин штабыг гутаан доромжилно. “Украинчууд биднийг үзэн ядаж байна, ОХУ-д байхыг тэдний хэн нь ч хүсэхгүй байна” хэмээн бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн ярилцлага өгөх ба түүний үзэж байгаагаар фронт дээр Орос нь нэгэнтээ ялагдчихсан, ялагдлаа мэдрэхгүй дахин дахин давшаад хядуулаад хүний амиар тоглоод байгаа гэжээ.
Ингэхэд энэ дайны утга учир, зорилго зорилтыг дэлхий нийт нэгэнтээ мэдсэн, тийм учраас дайны буруутнаар ОХУ-ыг нэрлэх нь түгээмэл, бас бодитой болж байна. Оросын гадаад дахь сөрөг хүчний бүх төлөөлөгч эх орноо буруутгана.
Украин бол тусгаар тогтнолынхоо төлөө жинхэнэ дайн хийж байна. Жишвээс Британийн хуучин колони байсан Америк тусгаар тогтнолынхоо төлөө дайн хийсэнтэй адил. Америкчууд тэр дайндаа ялсан, ялаад АНУ-аа хүчирхэгжүүлсэн, түүнтэй адилаар Украин энэ удаагийн дайндаа ялаад “шинэ АНУ” болно, Европын шинэ локомотив болно, үүнийг Зеленскийн Конгресст хэлсэн үг баталлаа, АНУ-д айлчилсан нь нотлон харууллаа хэмээн Өрнөдийн орнуудад сайшаан тэмдэглэнэ.





