Турк, Сири байгалийн гамшигт өртсөнөөс хойш нэг сар өнгөрч байна
АНКАРА. /AP/. Турк, Сирийн нутгууд хүчтэй газар хөдлөлтөд өртсөнөөс хойш нэг сарын хугацаа өнгөрч байгаа ч олон зуун мянган хүнд шаардлага хангасан хоргодох байр, ариун цэврийн байгууламж хэрэгтэй байгаагаас гадна байгалийн гамшигт өртсөн хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай байгаа нэг тэрбум ам.долларын ердөө 10-хан хувь нь л цугларсан нь хүмүүнлэгийн хямралыг даван туулах хүчин чармайлтад саад тотгор учруулж байна гэж НҮБ-ын төлөөлөгч даваа гарагт мэдэгдлээ.
Хоёрдугаар сарын 6-ны өдөр болсон газар хөдлөлт, түүний дараах хүчтэй чичирхийллүүдийн улмаас Туркт 46 мянга гаруй хүн амиа алдаж, 230 мянга гаруй байшин барилга нурж сүйдэж, олон зуун мянган хүн орон гэргүй болоод байгааг тус улсын орчин үеийн түүхэн дэх хамгийн их уршиг дагуулсан гамшиг гэж тодорхойлж байна.
"Нүүлгэн шилжүүлсэн, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо, учирсан хохирлын хэмжээ зэргийг авч үзэхэд бидэнд хүмүүнлэгийн тусламжийн асар их хэрэгцээ байна. Зарим мужид хагас сая хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа учир тэднийг хоол хүнс, хоргодох байр, ундны усаар хэрхэн хангах вэ гэдэг асуудал тулгарч байна” гэж Турк дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Альваро Родригес "The Associated Press” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.
Дэлхийн банкны тооцоолсноор, газар хөдлөлтийн улмаас Туркт 34.2 тэрбум ам.долларын шууд хохирол учирсан нь тус улсын 2021 оны ДНБ-ий 4 хувьтай тэнцэж байна. Мөн сэргээн босгох ажиллагаанд түүнээс илүү хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулагдах төлөвтэй байгааг тус банкны тайланд дурдаад, эдийн засгийн саатал тасалдлын улмаас ДНБ буурах нь байгалийн гамшгаас учрах хохирлыг улам бүр нэмэгдүүлнэ хэмээн дүгнэжээ.
Тухайлбал, Олон улсын улаан загалмай нийгэмлэг олон жилийн насжилттайгаас гадна дайны хөлд өртөөд байсан Алеппогийн усны байгууламж байгалийн гамшгийн улмаас улам эвдэрч сүйдсэнээр "системийн хүчин чадал муудаж, бохирдсон ус усны хангамжийг бохирдуулж болзошгүй эрсдэл нэмэгдээд байгааг” сэрэмжлүүлсэн мэдэгдэл гаргажээ.



