Элэг, бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай 1000 гаруй иргэн донорын хүлээх жагсаалтад байна гэв

7

 

Тархины үхэл тодорхойлох багуудын үйл ажиллагааг тогтворжуулах өдөрлөгийг ЭМХТ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас ЭМЯ-нд өнөөдөр зохион байгууллаа.

Монгол Улсын Донорын тухай хууль 2018 онд шинэчлэгдэн батлагдаж, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдсан цагаас хойш одоогийн байдлаар тархины үхэлтэй боломжит донор нийт 278-ыг илрүүлжээ.

Үүнээс 31 бодит донороос 45 бөөр, 27 элэг, 173 шөрмөс шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж 72 хүний амь насыг авран, 173 хүний амьдралын чанарыг сайжруулсан байна.

Өнөөдрийн байдлаар элэг, бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай 1000 гаруй иргэн донорын хүлээх жагсаалтад байна. Гэвч 2025 он гарсаар нэг ч тархины үхэлтэй донор гараагүй, илрүүлэг сайн хийгдэхгүй байгаагаас хүлээлгийн жагсаалтад байгаа иргэд өдрөөс өдөрт итгэл алдарч, нас барсан тохиолдол бүртгэгдсээр байна.

“Тархины үхэл тодорхойлох баг”-уудын үйл ажиллагааг сайжруулж идэвхжүүлэх, амьгүй донор илрүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, мэдээлэл солилцох үүднээс өнөөдрийн өдөрлөгийг зохион байгуулав.

Уг өдөрлөгт УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ, ЦТЭ болон 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, НЭМГ, 9 дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дарга нар цахимаар оролцлоо.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>