2026 оны аравдугаар сард Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Бусад нутгаар температур дунджийн орчимд хэлбэлзэнэ.
Аравдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0–8 хэмийн хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн аймгуудаар 6–12 хэмийн дулаан байна. Бусад нутгаар 0–6 хэмийн дулаан байх төлөвтэй.
Тухайн сард Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас бага, харин Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Завханы зүүн, Төвийн ихэнх, Хэнтийн баруун хойд хэсгээр ахиу орох төлөвтэй байна. Хэнтийн уулархаг нутгаар 12–18 мм, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрт 0–6 мм, бусад нутгаар 6–12 мм хур тунадас орно.
Арваннэгдүгээр сард цаг агаар хүйтэрч, хур тунадас харьцангуй их байх төлөв ажиглагдаж байна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14–20 хэмийн хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудаар 2–8 хэмийн хүйтэн, бусад нутгаар 8–14 хэмийн хүйтэн байна.
Арваннэгдүгээр сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–8 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм хур тунадас орох төлөвтэй. Арванхоёрдугаар сард уулархаг болон зарим голын сав газраар 22–30 хэмийн хүйтэн, говийн нутгаар 10–16 хэмийн хүйтэн, бусад нутгаар 16–22 хэмийн хүйтэн байна.
Арванхоёрдугаар сард Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 0–2 мм, бусад нутгаар 3–6 мм хур тунадас орно. Зун хуурай, гандуу байсан, бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц багатай нутгийн иргэд малын тэжээлээ нөөцөлж, өвөлжилтийн бэлтгэлээ эрт хангахыг зөвлөжээ.




Сэтгэгдэл0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн, ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ene.mn хариуцлага хүлээхгүй.