Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа. Тэрбээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохын өмнө уулзалтыг хийжээ.
Хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэл бүх салбарт өргөжин хөгжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл бэхжиж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Худалдаа, эдийн засаг, хил дамнасан төмөр зам, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хамтын ажиллагааг урагшлуулах талаар тохиролцсон ажлууд үр дүнд хүрч байгааг мөн дурджээ.
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгахаар төлөвлөж байна. Мөн хоёр тал эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжилтэй уялдуулан аж үйлдвэр, дэд бүтэц, ногоон хөгжил, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр санал нэгдэв.
Ши Жиньпин Монгол Улс Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэлээ. Төрийн тэргүүн нар 2025 онд БНХАУ-д болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалт болон Дэлхийн II дайн, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн үеэр уулзаж байснаа дурссан байна.
Мөн Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны наймдугаар сарын 31-нд Бишкек хотноо Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай албан ёсны уулзалт хийв. Н.Номтойбаяр Монгол–Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга бол Маматканов тус комиссын Киргизийн хэсгийн даргаар ажилладаг.
Уулзалтаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, тээвэр, логистикийн саад бэрхшээлийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцжээ. Монгол, Киргизийн худалдааны эргэлт сүүлийн гурван жилд 3.7 дахин нэмэгдсэн бөгөөд цаашид хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх чиглэлээр санал солилцсон байна.





Сэтгэгдэл0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн, ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ene.mn хариуцлага хүлээхгүй.