Египетийн Кайр хотын шүүх телевизийн хөтлөгч Сара Халифа болон бусад 11 хүнд хар тамхины хэрэгт холбогдуулан цаазаар авах ял оноожээ. Энэ тухай тус улсын албан ёсны хэвлэлүүд Бямба гарагт мэдээлсэн байна.

39 настай Сара Халифа нь нийгмийн аюулгүй байдал, гэмт хэргийн асуудлыг хөнддөг “Mission Impossible” нэвтрүүлгээрээ танигдсан ажээ.

Шүүх Халифа болон бусад шүүгдэгчийг хар тамхи үйлдвэрлэхэд ашигладаг материалуудыг ашиг олох зорилгоор олж авсан, мөн зөвшөөрөлгүй галт зэвсэг, сум эзэмшиж хадгалсан гэж үзсэн байна. Тэднийг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэг байгуулсан хэмээн буруутгажээ.

Шүүх ялыг гаргахаасаа өмнө шашны байр суурийг сонсохоор Египетийн Их Муфтитай зөвлөлдсөн байна. Тус улсад цаазаар авах ял оноохын өмнө ийм зөвлөгөө авахыг хуульд шаарддаг ажээ.