Эхлээд Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, харин дараа нь...

695

Эхлээд Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, харин дараа нь...Прокурорын тогтоолын дагуу УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг баривчилжээ. Тэднийг цагдан хорьсон шалтгаан Хөгжлийн банкнаас гаргасан бондын санхүүжилттэй холбоотой нь гарцаагүй. Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд болон санхүүжилтийн зарцуулалтыг шалгахаар УИХ-аас ажлын хэсэг байгуулагдсан. Ийнхүү ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийн дагуу АТГ Хөгжлийн банкнаас зээл авсан томоохон зээлдэгч нарыг дуудаж байцаасан байна. Харин баривчилгааны эхлэл болгож Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг цагдан хориод байгаа юм. Тэдний араас хэн баригдах бол гэсэн айдас бондын мөнгөнд гар дүрэгсдэд хэдийнэ үүссэн биз.

Ардчилсан нам засгийн эрх авмагцаа Чингис бондыг босгож, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Үүнд нь иргэд ам сайтай байдаг. Гэтэл энэ бондын мөнгөний зарцуулалт усанд хаясан чулуу шиг тодорхой бус байсан нь тухайн үедээ сөрөг хүчин болох МАН-ынхны хараанд, шүүмжлэлд бишгүйдээ өртөж байв. Энэ удаа АН, МАН хоёрын байр солигдсон. МАН-ынхан засаг барьмагцаа Хөгжлийн банкийг ухаж эхэлсэн. Энэ нь ч зөв. Санхүүжилтийн асуудлыг нь улс төр, нам харгалзахгүй үнэн шударгаар шүүж, хэн нь хэдэн төгрөг компанидаа авсан, ямар ажил гүйцэтгэсэн гэдгийг нь бодитоор гаргаж ирвэл сая Хөгжлийн банкны зээлийн зарцуулалтыг ухаж болох юм. Түүнээс биш улстөржиж, намаар талцаж, АН-ынхан нь бүгд буруутай юм шигээр асуудалд хандах нь энэ удаагийн баривчилгаа Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нараар дуусахгүй гэдгийг илтгэнэ. Тэдний дараа баривчлагдах хүн хэн байх вэ гэдэг нь хүлээлт үүсгэх юм.

Ардын намын улстөрчдийн компани бондын мөнгөнөөс хишиг хүртсэн. Компаниуд нь зээл авч, үйл ажиллагаандаа зарцуулсан. Үүнийгээ нуух нэг нь байхад хүлээн зөвшөөрч, зээлийн хүүгээ төлж байгаагаа хэлж буй нь бий. Гэвч дийлэнх нь зээлийн хүүгээ ч төлж чадахгүйд хүрсэн тухай ярьж, үүнийг нь МАН-ынхан хаацайлж, бараг л компаниуд зээлийн хүүгээ төлөх боломжгүй хэмээн өмөөрөнгүй аястай ярьж байх. Энэ шударга ёс уу. Зээл авсан бол зээлээ, хүүгээ төлөх ёстой. Энэ хэнд ч ойлгомжтой энгийн зарчим. Гэтэл эрх мэдэлтнүүдэд үйлчлэхгүй нь. Тэд нэг нэгийгээ өмөөрч, бие биеийнхээ бизнесийг дэмжиж, ард түмний халааснаас татвар нэмэх байдлаар гарах мөнгөнөөс хуруу дүрж авах гэж байгааг хэрхэвч зөвшөөрөхгүй. Иймд Хөгжлийн банкнаас хувийн компанидаа зээл авсан хүн бүрийг шалгах хэрэгтэй. Зарцуулалтыг нь хянах хэрэгтэй. Гэхдээ нам, эрх мэдэл харгалзахгүйгээр шүү.

Дашрамд дурьдахад одоогоос гурван жилийн өмнө буюу 2014 оны 8 дугаар сарын 1-нд АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат мэдээлэл хийж байв. Э.Амарбат "Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны удирдлагууд Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь 38 хувьтай байхад уг газарт шинээр зам тавихаар Засгийн газарт ташаа ойлголт төрүүлэн Засгийн газрын тогтоол гаргуулж. Ингэхдээ нэмээд нийт 46.3 тэрбум төгрөгийг "Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн” гэж мэдээлж байжээ.

М.Болор

Цензургүй.мн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>