Толгой юунаас болж өвддөг вэ

1664
Толгой юунаас болж өвддөг вэЦагийн эргэлт амьдралын хэмнэл түргэсэхийн хэрээр хүмүүсийн толгой өвдөх өвчин их олширч байна. 

Толгой өвдөх нь орчин ахуйтайгаа шууд холбоотой бөгөөд агааргүй бүгчим эсвэл шуугиантай  орчин, шингэн дутагдах, агаарын бохирдол зэргээс гадна удаан хугацаагаар зурагт үзэх, компьютер дээр удаан ажиллах нь цөмөөрөө толгой өвдөхийн үндсэн шалтгаан болж байгаа юм байна.

Үүнээс гадна уурлаж бухимдах, тамхи татах, архи уух, өөх тос ихтэй хүнсний зүйлийг хэтэртэл идэх, нойргүйдэх нь ч толгойн мэдрэлийг хөндөж толгой өвдүүлдэг байна. Хүзүүний булчин чангарч хөшсөн, тэр байдал нь толгой, дал, мөр рүү дамжиж, архаг толгойн өвдөлт, сээр, мөрний булчингийн өвдөлтийг үүсгэдэг.

Дээрх өвчин зовиурыг үүсгэх шалтгаан, нөхцөлд амьдралын буруу дэглэм, ажлын нөхцөл тухайлбал компьютерийн болон бичгийн ажилтай оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс, машин жолооддог, оёдол зэрэг ажлыг удаан хугацаанд олон цагаар амралтгүй хийх мөн хэвтэж зурагт үзэж, ном сонин уншдаг, дэрээ буруу дэрлэж унтдаг гэх мэтийн зүйлсээс болдог.
Гэтэл хүзүүний булчингийн өвдөлтөөс болсон зовиуруудыг буруу ойлгож зүрх, цөс өвдөж байгаа мэтээр бодож, эмчид хандаж, буруу эмчилгээ хийлгэх нь элбэг тохиолддог.

Орчин үед хүзүүний өвдөлтийг уламжлалт эмчилгээний болон сэргээн засах эмчилгээний аргууд болох массаж, бумба шивүүр, зүү төөнүүр, халуун жин, нам давтамжтай цахилгаан, дулаан эмчилгээгээр үр дүнтэй эмчилдэг болсон. Гэвч эдгээр эмчилгээг хийхийн хамт дэглэм эмчилгээ, хүзүүний дасгал хөдөлгөөн, зөв амралт, буруу зуршилаа орхих нь шалтгааны эсрэг хамгийн үр дүнтэй эмчилгээ болдог. Ажлын нөхцөлөөс шалтгаалан хүзүүний булчин чангарч, хөшиж өвддөг бол ажлынхаа дундуур босч булчингийн чангарлыг арилгах дасгал хийж, гэрийн нөхцөлд халуун жин тавих, дэрээ зөв дэрлэж амрах нь бага хэмжээний булчингийн чангарал, өвдөлтийг арилгадаг.

Шалтгаан

Толгойн өвөлт нь тархины судасны хэвийн үйл ажиллагааны хямрал болон мэдрэлийн системийн хэт ачааллаас үүсдэг үндсэн шалтгаантай байдаг. 

-    Стресс, биеийн хүчний хэт ачааллын нөлөөгөөр жигд өвдөхийг булчин зангирсанаас үүдэлтэй өвдөлт гэдэг. Өвдөлт нь бүхэлдээ дух орчмыг хамарч, нүдний арын хэсгээр гавлын ясны гүнд мэдрэгддэг. Тогтмол стресстэй орчинд байдаг хүмүүсийн толгой өвдөлт нь архаг хэлбэрт шилжвэл өглөө сэрэнгүүт өвдөлт нь эхлэн нэмэгдсээр бүтэн өдрийн турш үргэлжилдэг.
 
-    Толгойн өвдөлт сэтгэл санааны байдлаас шалтгаалан өөрчлөгдөж, зулай орчим юмаар дарах, эсвэл төөнөж байгаа мэт мэдрэмж төрөх нь өвдөлт сэтгэцийн гаралтай болохыг илтгэдэг. Жишээлбэл: сэтгэл гутралын үед ийм өвдөлт үүсдэг. Мэдрэлийн тогтолцоо, мэдрэлийн эс, судлын үүдэлтэй өвдөлт хурц, хүчтэй, гэнэт эхлэн хэдэн секундын турш үргэлжлээд хэсэг хугацааны дараа давтагддаг онцлогтой байдаг. 

Толгой өвдөх бусад шалтгаан: 

-    Ихээр өлсөж, цангах (ялангуяа архи хэтрүүлэн хэрэглэсэн үед)
-    Бусад хүнд хэлбэрийн өвчлөлийн үед (жишээ нь: ханиад томууны халдварын үед)
-    Каффейны хэрэглээг огцом бууруулсан үед
-    Хоолны харшил эсвэл шингээлт муудсан бол 
-    Гавлын ясны хөндийн үрэвсэл (синусит)-ийн үед толгой байнга өвдөх ба тонгойход илүү ихээр мэдрэгддэг
-    Хараанд хэт ачаалал өгснөөс толгойн өвдөлт нь нүдний угаас эхлэн ар дагз руу тархаж өвддөг болно. Энэ өвдөлт харааны шил тааруулж хэрэглэх шаардлагатайг сануулна.
-    Зарим тохиолдолд толгойн өвдөлт цусны даралт ихэссэн үед үүсдэг.
-    Эм тохирохгүйн улмаас. Эм хэрэглэсэн даруйд толгой гэнэт өвдвөл тухайн эмийн хэрэглэх заавар, бүтцийг шалгах эсвэл эмийн санчаас лавлагаа авах шаардлагатай. Өвчин намдаагч эм хэтрүүлэн хэрэглэснээс толгой илүүтэйгээр өвддөг байна. Онцын шаардлагагүй үед парацетамол болон ибупрофен зэрэг ердийн өвчин намдаах эмнүүдийг тогтмол хэрэглэснээс тархи тэдгээрийн үйлчлэлд дасал болон, тэдгээрийн цусан дахь тун багасахад өвчний дохио өгдөг болж эхэлнэ.
-    Дааврын тэнцвэр алдагдлаас мөн толгой өвддөг байна. Тархины эд эсүүд дааврын мэдээллийг хүлээн авдаг олон төвтэй байх бөгөөд тэдгээр нь дааврын тэнцвэрийн алдагдалд маш мэдрэг байдаг. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>