ТОМЧУУД БИДНИЙ ХАЙХРАМЖГҮЙ БАЙДЛААС БОЛЖ ХҮҮХЭД ХОХИРОХ ЁСГҮЙ
Амьдралын минь баяр баясал болсон үр хүүхэд минь төрсөн цагаасаа эхлэн эрүүл аюулгүй орчинд өсч торних эрх нь Үндсэн хуулиар олгогдсон байдаг. Тухайлбал, хүүхэд эсэн мэнд амьдрах эрхтэй, хүүхэд хөгжих эрхтэй, хүүхэд хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхтэй. Гэвч бидний хүүхэд 18 нас хүртлээ энэ эрхээ эдэлж чадаж байна уу гэдэг нь бас эргэлзээтэй. Яагаад гэвэл эцэг эхчүүд, асран хамгаалагч нарын хайхрамжгүй буруутай үйлдлээс болж хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирох харамсалтай хэргүүд байнга гардаг. Хүүхэдтэй холбоотой хэрэг ер нь буурдаггүй гэх үзүүлэлт байдаг юм билээ.
Бид тоомжиргүй хайхрамжгүй байдлаас болж бага насны хүүхдүүдээ өндрөөс нисгэж байна. Халуун хоол, буцалсан усанд түлэх, зун нь усанд урсгах, замын хөдөлгөөнд ганцааранг нь оролцуулж байгаад машинд мөргүүлж, шүргүүлэх, гэртээ ганцааранг нь орхисноос болж тэнэж алга болоод эцэстээ амиа алдах зэрэг харамсалтай хэргүүд гардаг. Ер нь алга болсон, амь эрсэдсэн хүүхдүүдийн ард дандаа асран хамгаалагч нарын буруу байдаг гэх. Энэ бол үнэн юм. Эцэг эхчүүдийн хувьд ажил амьдрал гэж явсаар байгаад хүүхэддээ тавих анхаарал, цаг бага байдаг.
Өсвөр насны хүүхдүүдээ хаана юу хийж явааг нь мэдэхгүйгээс болж ахуйн хэрэглээний газ үнэрлэж мансуурах, амиа алдах зэрэг харамсалтай хэргүүд гарсаар байна. Дандаа л томчууд бидний хайхрамжгүй, хараа хяналтгүй байдлаас болж хүүхдүүд хохирсон байх жишээний. Ингээд хүүхэдтэй холбоотой харамсалтай хэргүүдийн талаар хэд хэдэн баримт хүргэж байна.
Замын цагдаагаас ирж байгаа хоногийн мэдээллийг харахад бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртсөн хэргийн тоо олон байдаг. Өдөрт дунджаар 5-8 хүүхэд зам тээврийн осолд өртдөг байна. Тэдний олонх нь ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байхдаа, эсвэл гарцгүй газраар гүйж гарч байхдаа машинд мөргүүлсэн байх жишээний. Тиймээс асран хамгаалагч, эцэг эхчүүд нь бага насны хүүхдээ сургуульд нь байнга хүргэж өгч, авдаг байх. Мөн ногоон гэрэл, цагаан шугамаар гарч байхыг сайн зааж, замын хөдөлгөөний аюулгүй дүрмийг хүүхдүүддээ сайтар ойлгуулахыг эцэг эхчүүдээс хүсмээр байна.
Энэ он гарсаар 0-3 насны дөрвөн хүүхэд түлэнхийн шархаа даалгүй нас барсан харамсалтай тоо байна.
Түүнчлэн урин дулаан цагт гол ус бараадаж амарч зугаалж яваад хүүхдээ усанд живүүлэх тохиолдол ч их гардаг юм. Бас л нөгөө хараа хяналтгүй орхисноос болж үүдсэн харамсалтай хэрэг.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд нэг сар 20 хоногтой хүүгээ төрсөн эцэгт нь өгнө гэж гэрээсээ авч гараад хүнсний дэлгүүрт хаяж явсан муухай хэрэг Баянзүрх дүүрэгт гарав.
Өнгөрсөн хугацаанд гарсан хүүхдээ төөрүүлж, амийг нь егүүтгэж хаях гэсэн өчнөөн хэргээс жишээ татахад, төрсөн ихэр нярайгаа усанд живүүлж алахыг завдав. Мөн дутуу төрсөн хүүгээ тариурын зүүгээр шивж алахыг завдсан хэрэг Баянхонгор аймагт гарсан. Хайртай залуутайгаа хамт амьдрахын тулд охин үрээ Бөмбөгөр худалдааны төвд олны дунд төөрүүлж хаясан хэрэг гарсныг санаж байгаа байх. Түүнчлэн Сүхбаатар дүүрэгт охиноо орцонд хаясан эмэгтэйг олж илрүүлэв. Харамсалтай нь хаягдсан гологдсон охин хатгаа өвчний улмаас нас барж байсан гэх мэт өр өвтгөж, зүрх зүсэгдмээр өчнөөн хэргүүд гарч байсан юм.
Ийм төрлийн гэмт хэргийг ихэвчлэн согтуу үедээ хойд эцэг хүчирхийлсэн байдаг. Мөн төрсөн эцэг нь хүчирхийлсэн нь цөөнгүй бий. Эхнэрээ байхгүй хойгуур нь чихэр жимсээр хуурч, мөнгө төгрөг өгч байгаад бузар хэргээ хийсэн байдаг талаар Сонгинохайрхан дүүргийн шүүгч ярьж байсан удаатай. Түүнчлэн ураг төрлийн хүчингийн хэрэг их гардаг бөгөөд улирал дагаж хүчин их гардаг талаар тэрбээр онцолсон юм. Яагаад гэвэл урин дулаан цагт охид, хүүхнүүд нимгэн хувцсандаа орж, гаж донтнуудын хараанд их өртөж, хүчирхийлэлд автдаг байна. Тиймээс цэцэг цэврүү шиг охиддоо анхаарал тавих нь мөн л эцэг эхчүүд, асран хамгаалагч нарын ажил юм шүү гэдгийг сайн ойлгоорой.
Гэх мэтчилэн энэ бүх хэргүүдэд эцэг эхчүүд, асран хамгаалагч нар буруутай. Тэдний эсрэг гэмт хэргийг томчууд бид үйлддэг. Тиймээс бид амьдралын дүрмээ биелүүлж, хүүхдэдээ үлгэрлэж, ирээдүйгээ хамгаалъя. Бидний хайхрамжгүй байдлын золиос хэзээ ч хүүхэд байж болохгүй юмаа.
Оллоо.mn



