Арван дөрөвхөн настай хүү сургуулийн дотуур байрнаас оргон....
Арван дөрөвхөн настай хүү сургуулийн дотуур байрнаас оргон ээжийнхээ гуйвуулсан сарын хэрэглээний мөнгөөр Германаас Щвейцарь орох галт тэрэгний билет худалдан авч алсыг зорьсноор бяцхан дүрвэгч хүүгийн бие даасан амьдрал эхэлжээ. Эхлээд тэр Франц хэлтэй фермэрийнд зарагдаж, өөртөө ахадсан хүнд ажилд нухлуулж байсан ч хар бор ажлын эв дүй сууж, ажлын амт, мөнгөний үнэ цэнийг мэдэрч, хоёр жилийн дараа өвөртөө мөнгөтэй, өөртөө туршлагатай, франц хэлтэй, бие өсгөлүүн чийрэг залуу болж гарсан байна. Цагдаа ирж, насанд хүрээгүй хүүхэд ажил хийх хориотойг сануулж, ямар нэг мэргэжлээр сурвал эндээ үлдэж болно гэж шаардсаны дагуу тэр үедээ нэр хүнд муутай ч сургалтын тэтгэлэг олгодог талх нарийн боовчины мэргэжлээр сурсан гэдэг. Мэргэжлээрээ сайн сурч, томоохон талхны цехэд ажиллаж эхэлсэн үедээ өөрөөсөө долоон насаар эгч, шаргал үст, цэнхэр нүдэт, гимназийн багш бүсгүйд сэтгэл алдаж, дагаж гүйсээр байгаад аваад суучихсан гэнэ. Хадам аав нь их сургуулийн профессор, жирийн нэг талхчинтай харьцуулахад тэднийх нийгмийн дээд давхаргад багтах айл байсан гэдэг.



