Афганистанд цэнгэлдэх хүрээлэнд халдлага гарч 16 хүн амиа алджээ
Өчигдөр Афганистаны Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч "Афганистаны нийслэл Кабул хотод амиа золиослогчид хоёр удаа халдлага хийсний улмаас наад зах нь 16 хүн амь үрэгдэж, 25 хүн шархадсан" гэж мэдээлжээ.
Тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч "Эхний дэлбэрэлт Кабул хотын зургаадугаар дүүргийн цэнгэлдэх хүрээлэнд болж, түүнээс 1 цагийн дараа тус стадионы гадаа хоёр дахь дэлбэрэлт болсон" гэлээ.
Эхний дэлбэрэлтийг тэнд бөх үзэж байсан үзэгчдэд чиглүүлж, дараагийн дэлбэрэлтийг цэнгэлдэх хүрээлэнгийн гадна ажиллаж байсан сэтгүүлч, цагдаа нарт чиглүүлэн хийсэн байна. Хоёр дахь халдлагаар Афганистаны Давн телевизийн 2 сэтгүүлч амиа алдсанаас гадна 2 сэтгүүлч, цагдаагийн 10 ажилтан шархаджээ.
Одоогоор тус халдлагыг ямар нэгэн байгууллага зохион байгуулсан гэж мэдэгдээгүй байна.



