С.Аригун: Дэд станц барих ажлын хүрээнд “Далан давхар”-ын шарилуудыг нүүлгэн шилжүүлж байна

600

 

Сүүлийн жилүүдэд "Далан давхар”-ын оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлж, оршуулгуудыг нь чандарлан уг газарт бүтээн байгуулалт хийх тухай яригдаж эхэлсэн.  Тодруулбал, "Далан давхар”-ыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно, орон сууцны хороолол барина, дэд станц барина гэх мэт зүйлс яригдсаар өнөөдрийг хүрсэн.

Тэгвэл, ойр орчмын оршин суугчид нь "далан давхарын шарилуудыг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлсэн бололтой. Шарилуудыг гаргаж ирээд хар уутаар бүтээгээд зөөгөөд байна" гэх мэдээллийг өгсөн юм.

Мэдээллийн дагуу бид далан давхарт очиход, ногоон эрээн ажлын хувцастай хүмүүс экскаватор оруулж, шарилуудыг шилжүүлж байлаа.

Энэ талаар захирагчийн ажлын албаны мэргэжилтэн С.Аригунаас тодрууллаа.

-Шарилуудыг яагаад нүүлгэн шилжүүлж байгаа юм бэ. Хэзээнээс эхэлсэн бэ?

-Засгийн газрын 2018 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 88 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн агаарын бохирдолыг бууруулах, 21392 айл өрхийг 4КВт-ын цахилгаан халаагуур хэрэглэх, техникийн боломж бүрдүүлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй 110/10 кВ-ын 2х40 мВА чадал бүхий "Хүчит шонхор" дэд станцын барилга угсралтын ажил эхлэх гэж байгаа учраас нүүлгэн шилжүүлэх ажлыг өнөөдрөөс (өчигдрөөс) эхлүүллээ.

-Бүх шарилыг нүүлгэн шилжүүлэх юм уу?

-Үгүй. Зөвхөн барилга барих зурвас газарт орсон шарилуудыг нүүлгэн шилжүүлнэ.

-Ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоож зөвшөөрөл авсан юм болов уу?

-Барилгын ажилтай холбоотой нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа шарилуудын ар гэрийнхэнтэй нь холбогдож, уулзсан. Ёс заншлын дагуу мэргэжлийн байгууллагууд чандарлахаар болсон. Энэ газарт ойролцоогоор 42 мянга гаруй шарил  байдаг ч  зарим нэг нь  эвдэрч тоногдсон, хөшөө чулуу нь нэр хаяггүй болж, ар гэр нь эргэж очихоо больсон байна.

Шарилын чулуунууд нь хагарч, бутраад танигдахын аргагүй болчихсон байгаа байдал

 Тиймээс бид яг барилгын ажил явагдах зурвас газарт байгаа хөшөө чулуу нь нэр хаяггүй болж, хэн гэдэг нь танигдахаа больсон шарилуудыг таниулах ажлыг зохион байгуулсан. Тодруулбал, нээлттэй зар явуулж, энд ах, дүү хамаатан садан нь байдаг хүмүүстэй уулзаж байгаа ч одоог хүртэл хэн гэдэг нь тогтоогдоогүй, ер нь тогтоогдох боломжгүй шарилууд үлдсэн. Тиймээс өнөөдрөөс эхлэн тэдгээр шарилуудыг мэргэжлийн баг ухан чандарлан суваргад залах ажлыг эхлүүллээ. Бусдаар бол бид нэр, мэдээлэл нь тодорхой байгаа шарилуудын ар гэрийнхэнтэй нь холбогдож зөвшөөрөл авч байж хөндөнө.  

-Ар гэрийнхэн нь яаж хүлээж авч байна?

-Бараг ихэнх нь эерэгээр хүлээж авч байгаа. Ойролцоогоор 400 гаруй хүн бидэнтэй ирж уулзсан. Энд байгаа хүмүүсийн ар гэрийнхэн гэх хүмүүс ихэвчлэн настай хүмүүс байдаг юм байна лээ. Байгаа байдал орчин нөхцлийг нь хараад шууд л шилжүүлж, чандарлахыг зөвшөөрч байгаа. Учир нь энд байгаа шарилуудын яг дээр айлууд хашаа татаад буучихсан байгаа. Тэрийг харсан хүмүүс их эмзэглэж, "Айл бүр гадна 00-той байгаа гэхээр бохир нь манай талийгаачийн толгой дээр урсаж ирнэ гэсэн үг. Тиймээс яаралтай шилжүүлж өгнө үү" гэж хүсэлт тавьсан хүмүүс ч олон байгаа.  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>