Яндангийн шүүлтүүрт хийсэх 54 тэрбум төгрөг

668

Яндангийн шүүлтүүрт хийсэх 54 тэрбум төгрөгУИХ энэ өдрүүдэд ирэх оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Ирэх жил манай улс 9.6 их наядын орлого олж 11.5 наядын зарлага гаргахаар тооцжээ. Сонгуулийн өмнөх жилийн төсөв учраас гишүүн бүр тойрогтоо хөрөнгө оруулалт татах нэрээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Үүний хажуугаар агаарын бохирдлыг бууруулахад 154 тэрбум төгрөг төсөвлөөд буй. Үүний 80 тэрбумыг нь хасахаар яригдаж байгаа. Гэхдээ энэ төсөвт айл өрхийн янданд 54 тэрбум  төгрөгөөр шүүлтүүр тавихаар тусгасан. Энэ асуудалд гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

Б.Пүрэвдорж: Төсөл нэрээр хувааж идэх гэсэн бусармаг арга

Яндангийн шүүлтүүрт хийсэх 54 тэрбум төгрөг

-Улаанбаатарыг утаанаас салгах чухал ажлын нэг. Ирэх жилийн төсөвт 54 тэрбум төгрөг утаа бууруулах зорилгоор айл өрхийн яндангийн шүүлтүүрт зориулах гэж байгаа нь буруу. Түүнийхээ оронд 500-1000 айлын блок болгоод дэд бүтэц хүргэх хэрэгтэй. Ипотекийн зээлийг эрчимтэй хэрэгжүүлээд орон сууцжуулах нь үр дүнтэй аргын нэг. Зөвхөн янданд 54 тэрбум төгрөг төсөвлөх нь байж болохгүй. Нүүрс түлэх айл байх ч гэр хороолын зарим айл дугуй хүртэл шатааж дулаацаж байна. Нүүрс, хаймарнаас хүнд металлууд ялгарч яндангаар гадагшилдаг. Шүүлтүүрт үлдээчихээр тэр хүнд металлууд гэр дотроо үлдэж байгаа юм биз. Энэ чинь тэгвэл хүн амын эсрэг гэмт хэрэг. Ийм байж магадгүй гэсэн айлууд шүүлтүүрээ ажиллуулахгүй байхад утаа хэвээр байх болно. Техникийн шийдлээ яаж гаргасныг хэлж мэдэхгүй байна. Ер нь бол, 54 тэрбум үр дүнгүй л болно гэсэн үг. Хятадын Haier компанийнхан энэ шүүлтүүрээ хийгээд улсаа утаанаас яагаад салгаагүй юм бэ. Монголчууд эрүүл мэнд, эдийн засгаараа туршилтын туулай болж болохгүй. Энэ бол хэт их яарсны, улсын төсөвт мөнгө төсөвлөчихөөд төсөл нэрээр хувааж идэх гэсэн бусармаг арга. Хэлэлцүүлгийн явцад бүгдийг нь асууна.  

Х.Болорчулуун: Янданд шүүлтүүр суурилуулаад утаа буурахгүй

Яндангийн шүүлтүүрт хийсэх 54 тэрбум төгрөг

-Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор утаагүй зуух, яндангийн шүүлт гээд өмнө нь хэрэгжүүлж байсан ч аль аль нь үр дүнгээ өгөөгүй. Гэр хорооллууд дэндүү их нэмэгдлээ. Хөдөө орон нутгаас жилд 20 гаруй мянган айл өрх нийслэлд нүүж ирж байна. Тэр хүмүүс дуртайдаа өссөн төрсөн нутгаа орхиод хот газар бараадаагүй нь хэнд ч ойлгомжтой. Ажил олдохгүй байгаа учраас арай илүү боломж байгаа газар руу тэмүүлж байна. Тиймээс хөдөөг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулахын тулд эдийн засаг, татварын бодлогоор хөгжүүлэх нь чухал. Энэ бол утаанаас салах нэг арга.

Индукцийн аргаар тавьсан шүүлтүүр утаа буурууна гээд байгаа. Бодитоор үзээгүй болохоор мэдэхгүй байна. Яг үнэндээ би үүнд таатай бус хандаж байгаа. Өөр арга замаар утааны асуудлыг шийдвэрлэх ёстой. Орон сууцжуулахын хажуугаар ажилгүй иргэдийг хөдөө орон нутаг руу эдийн засаг, татварын оновчтой бодлогоор татах хэрэгтэй. Мэдээж 54 тэрбум төгрөгөөр янданд шүүлтүүр тавиад утаа арилахгүй.

М.Оюунчимэг: Засгийн газар эхний удаад түр арга хэмжээ авч байгаа юм билээ

Яндангийн шүүлтүүрт хийсэх 54 тэрбум төгрөг

-Орон сууцжуулах ажилтай зэрэгцээд энэ өвлийн утааг тодорхой хэмжээгээр бууруулахын тулд айл өрхийн янданд шүүлтүүр суурилуулж байгаа юм билээ. Энэ шийдвэрийг гаргахаас өмнө олон туршилт хийсэн. Би нэг, хоёр удаагийн туршилтад нь очиж үзсэн. Шүүлтүүр суурилуулаагүй айлуудын яндангаас гарч байгаа утаатай харьцуулахад үнэхээр бага байна лээ. Зүгээр суухаар зүлгэж суу гэдэг шиг Засгийн газар ямар ч байсан эхний удаад түр арга хэмжээ авч байя, ингэхэд хүссэн хүсээгүй мөнгө төсөвлөх ёстой гээд 54 тэрбум төгрөг суулгаад орж ирж байгаа. Энэ гэхдээ их мөнгө. 54 тэрбум төгрөгөөс нэлээд хэсгийг нь айлуудын дулаалгад бас зарцуулмаар санагдсан.

Х.Нямбаатар: Утааг бууруулах ямар нэг оролдлого хийх ёстой шүү дээ

Яндангийн шүүлтүүрт хийсэх 54 тэрбум төгрөг

-Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд оччихлоо гэдгийг бүгд мэдэж байгаа шүү дээ. Тиймээс агаарын бохирдолтой тэмцэх оролдлого хийх ёстой. 54 тэрбум төгрөгөөр шүүлтүүр тарааж байхаар айл бүрийг орон сууцжуулаач гэдэг популизм хүртэл явж байна. Энэ мөнгөөр хэдэн айлыг орон сууцтай болгох вэ гээд бодохоор маш бага тоо гарна. Бид бүгдээрээ утаанд хордоод ирээдүй хойч үеийн минь эрүүл мэнд асуудалтай байгаа энэ цаг үед агаарын бохирдлоос салахын тулд зайлшгүй оролдлого хийж байна шүү дээ. Оролдлого хийхгүйгээр гэнэтхэн агаарын бохирдол буурахгүй. Нэг айлд тавих шүүлтүүр 500 мянган төгрөгийн үнэтэй. Энэ мөнгөөр нэг айлыг орон сууцжуулах боломжгүй. Тиймээс Засгийн газар нэлээд тооцоо судалгаа хийж байж хандсан байх. Ер нь бол цаашид хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд Улаанбаатар хотын санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх ёстой.   

 
Eagle.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>