Шүүх тойрсон асуудлууд
Шүүх засаглалд үүссэн хямрал намжих шинжгүй байна. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн зургадугаар сарын 27-нд зарлиг гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Одоо дахиад хэд хэдэн шүүгчийг явуулах тухай ч яригдаж эхэллээ. Түүнчлэн ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Түүний орны хүн болон ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг томилох асуудал ч гацчихаад байгаа. Мөн Ерөнхийлөгчийн түдгэлзүүлсэн 17 шүүгчийн нэг болох С.Төмөрбатыг АТГ-ынхан АНУ-аас авчирах ажиллагаа явуулж байгаа. Гэсэн ч хүндрэлтэй асуудал олон байгааг өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдээллийнхээ үеэр ярьсан байдаг. Энэ мэтчилэн шүүхийн байгууллага авлига албан тушаалын хэрэгтэй холбогдсон, бүтэц бүрэлдэхүүн дутуу, дахин түдгэлзэх шүүгч нар хэн бэ гэсэн айдастайгаар шүүн таслах үйл ажиллагаа явуулж байна.



