Берлиний ханыг босгосон ба нураасан түүхээс
Одоогоос яг 30 жилийн өмнө Хүйтэн дайны бэлгэ тэмдэг болж байсан Берлиний хана нурснаар хоёр Герман улс нэгдэж байв. Энэ түүхэн үйл явдалд зориулсан ёслолын ажиллагаа даваа гарагт Берлинд хотод эхэлсэн бөгөөд 10-ны өдрийг дуустал үргэлжлэх юм. Үүнтэй холбогдуулан “life.ru” цахим хуудсанд хэвлэгдсэн Оросын түүхч Евгений Антонюкийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэе.
Эхэн үедээ холбоотон дөрвөн гүрний төлөөлөгчдөөс бүрдсэн Хяналтын зөвлөл хотын амьдралыг зохицуулж байв. Тухайн үед Берлиний баруун бүсүүд ба зүүн бүсийг ёс төдий тогтоосон хилийн шугамаар тусгаарлаж байгаад дараа нь шалган нэвтрүүлэх цэгүүдийг байгуулжээ.
Нас барахынхаа өмнө Сталин асуудлыг зохицуулахын тулд эцсийн оролдлогоо хийжээ. Тэрбээр Германыг нэг улс болгох, ингэхдээ төвийг сахисан, эвсэлд нэгдээгүй улс болгох саналыг барууны холбоотнуудад тавьсан аж. Харин Баруун Германыг Европ дахь гол түшиц газраа гэж үздэг америкчууд Германд тавих хяналтаа алдах вий хэмээн болгоомжилж эхлэв. Хэрвээ Герман улс сайн дураараа НАТО-д нэгдэх боломжтой тохиолдолд л Сталины саналыг дэмжинэ гэдгээ АНУ илэрхийлжээ. Гэвч үүнийг ЗХУ зөвшөөрөөгүй нь ойлгомжтой.

.png)
Зөвлөлт маягийн тогтолцоонд өөрсдийг нь хүлээн зөвшөөрдөггүй байсан учраас том бизнесийнхэн ч баруун руу дүрвэн зугтсан байна. Зөвлөлтийн эзэмшлийн бүсэд байсан Auto Union концернийн удирдлага болон бараг бүх ажилтан нь баруун Берлин гараад тэнд ажлаа үргэлжлүүлжээ. Ингэж дэлхийд нэртэй Audi компани үүссэн байна.
БНАГУ-ын эрх баригчид “байдлыг тогтворгүй болгохын тулд санаатайгаар бусниулах ажиллагаа явуулж, өдөөн хатгалга хийж” буй ХБНГУ-ыг буруутгасан мэдэгдэл хийв. Зүүн берлинчүүдийг баруун Берлинд урхидан авчирч байгаа нь БНАГУ-д эдийн засаг, санхүүгийн хохирол учруулж байна хэмээн Зүүн Германы эрх баригчид дургүйцлээ илэрхийлжээ. Эл шалтгаанаар 1961 оны 8 дугаар сарын 13-нд хотыг хоёр хэсэгт хуваах ханыг барих ажил эхэлсэн байна.
8 дугаар сарын 24-ний өдөр танкаар дэмжүүлсэн Америкийн цэргүүд баригдаж буй хананы дагуу жагсчээ. Үүний хариуд Зөвлөлтийн армиас цэрэг халах ажиллагааг зогсоов. Хэдэн хоногийн дараа хотын баруун хэсэгт цэргийн хүчийг төвлөрүүлж эхэлсэн бөгөөд 10 дугаар сар гэхэд цэргийн тоо 40 мянгад хүрсэн байлаа. Маш аюултай нөхцөл байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөн дэгдэж ч магадгүй болжээ.

Америк, Зөвлөлтийн танкууд бие биенийхээ өөдөөс их буугаа онилон бүхэл бүтэн шөнийн турш зогсож байсан боловч ямар нэгэн үйлдэл хийсэнгүй. Аливаа нэгэн болгоомжгүй хөдөлгөөн нь маш аюултай үр дагаварт хүргэх байлаа. Танкууд бүтэн өдрийн турш ингэж зогссоны эцэст 28-ны өглөө Зөвлөлтийн тал танкуудаа гэдрэг татав. Америкчууд мөн адил ийм үйлдэл хийснээр зэвсэгт мөргөлдөөн дэгдэх аюулаас зайлсхийж чадлаа.


Хэдийгээр хоёр Герман аажмаар хоорондоо ойртсоор байсан боловч Берлины хана улам боловсронгуй болж, жинхэнэ бэхлэлт болон хувирчээ. 1970-аад оны сүүлч гэхэд уг хана нэвтрэхийн аргагүй саад болсон байна. Зүүн Берлиний талаас харахад, оргогсод эхлээд бетонон хана эсвэл өргөст торон дээгүүр давж гарах хэрэгтэй. Үүний цаана танк эсэргүүцэх зараа хэлбэртэй хаалтнуудын бүхэл бүтэн эгнээ бий. Хаалтыг өнгөрлөө гэхэд дахиад л өргөст тор гараад ирнэ. Өргөст торонд хүрмэгц дохиолол ажиллаж, хил зөрчсөн тухай мэдээллийг харуулд өгнө.





