Замын-Үүд, Гашуунсухайтад үүрлэсэн авлигын системийг Ерөнхий сайд “анзаарсан” уу?
Нефтийн үйлдвэрт хөрөнгө оруулагчид анхаарал тавьж буй учир ажил нь ном журмаараа явж байх шиг байна. Харин Замын-Үүд дэх явдал замаа алджээ. Хилийн ариутгалын хаалгыг хүн бүр харсан байх. Захын хоньчин хонио угаадаг болсон “технологи”-оос дор юмаар өнөөдөр өмнөд хил дээр тээврийн хэрэгслийг ачаа бараатай нь ариутгадаг гэж байх юм. Тэрийг харсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч “...Ийм юм байхаар аргагүй шүү дээ” гэж байгаа харагдав.
Тэнд Монголын хууль үйлчилдэггүй. Энгийн нүдээр харахад “хээрийн хууль” гэмээр ч юм шиг... Маш их валют мөнгөний хөдөлгөөн энэ хоёр боомтод бий. Монголын төрөөс хараат бус, тусгаар тогтносон эдийн засаг тэнд байдаг. Үндсэндээ мафийн зохион байгуулалттай. Толгойлогчид нь улстөрчид голдуу байдаг.




