Володимир Зеленський анх удаа фронтын шугамд ажиллажээ
Украины Ерөнхийлөгч В.Зеленський өчигдөр Харьков мужид ажилласан байна. Энэ нь түүний фронтын шугамд ажиллаж буй анхны тохиолдол юм. Ерөнхийлөгч Харьковт ажилласныхаа дараа орой бүр хийдэг уламжлалт мэдээллийнхээ үеэр тус мужийн Аюулгүй байдлын албаны дарга Роман Дудиныг огцруулснаа олон нийтэд зарлажээ. Дайны эхний өдрүүдэд гаргасан бүтэлгүйтлийнх нь төлөө огцруулсан гэдгээ тэрээр хэлсэн байна. "Одоо бидэнд хамтын ажиллагаа л хамгийн чухал байна. Цагдаа, арми, мужийн захирагч, мужийн захиргаа бүгд ялалтын төлөө идэвхтэй ажиллаж байна. Хамтын ажиллагаа нь 100 хувь байна. Харин харамсалтай нь, Аюулгүй байдлын албаны тухайд ингэж хэлж чадахгүй нь” гэж В.Зеленський онцолсон байна. Тэрээр Аюулгүй байдлын албаны даргыг дайны эхний өдрүүдэд хотын биш, өөрийнхөө аюулгүй байдалд илүү анхаарсан гэж буруутгаад хууль сахиулах байгууллагын ажил үйлс алба хаагчдын хандлагаас ихээхэн хамааралтай гэжээ.



