Залуус өөртөө, бид залууст санаа тавихын учир
Хөвгүүд, охид юуны өмнө бэлгийн амьдрал гэж юу болохыг, түүний үр дагавар юу юу байдгийг 12-14 насандаа мэдсэн, сайн ойлгосон байх ёстой. Бэлгийн харьцаанд орохын хариуцлага, үр дагаврыг хөвгүүд ч сайн мэддэг, охид ч сайн мэддэг байх учиртай. Хүний бэлгийн амьдрал амьтныхтай адилаар урсгалаар, зоргоор явагдах ёсгүй.
Бэлгийн хөгжил гүйцэх нас болон гэр бүлийн амьдрал эхлэх насны хооронд олон жилийн зай бий. Европ зүгийн жишиг гэвээс тэнд залуус мэрэгжил эзэмшиж, цалин орлоготой болж, өөрийн гэсэн байр сууцны асуудлаа аль нэгэн хэмжээнд шийдэж байж л гэрлэх тухай боддог. Гэрлээд хэзээ хүүхэдтэй болох, хэдэн хүүхэдтэй болохоо ч төлөвлөдөг. Гэрлэсэн хоёр өөрсдийгөө хооллож, хувцаслах, мөн үр хүүхдээ өсгөхөд шаардлагатай цалин, орлоготой байх ёстой. Энэнийг эцэг, эхдээ даатгаж, тэднээр тэтгүүлэхийг Европын залуус буруу гэж үзэж зуун хувь зайлсхийж байдаг.
Үр хүүхдээ ч зөв, зохистой хүмүүжүүлж чаддаг. Бэлгийн амьдрал, гэрлэлт, гэр бүлийн амьдрал бол биологийн тал нь давамгайлсан, хөтөлсөн процесс биш, заавал ч үгүй нийгмийн тал нь давамгайлсан, хөтөлсөн, төлөвлөгөө, зохицуулалт бүхий процесс байх ёстой. Хөвгүүд 30 орчим насандаа л гэр бүлийн амьдрал эхлэх нь зөв юм. Эрэгтэй хүн энэ орчим насандаа л чухам хэн болж төлөвшсөн нь тодорхой болдог. Боловсрол, мэрэгжил, ажлын байр, гэр орон, машин унаа, архи тамхины хамаарал, эмэгтэй хүнд хандах соёл гэх мэт нь чухамхүү 30 орчим насандаа л зүгширсэн байдаг.



