УИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг болж байж жинхэнэ утгаараа ардчилал бий болно

12

УИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг болж байж жинхэнэ утгаараа ардчилал бий болно

 

Ардчилал гэдэг бол зөвхөн сонгууль явуулахын нэр биш. Ардчилал гэдэг нь ард түмэн төрөө байгуулж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгчдэдээ хяналт тавьж, шаардлагатай үед хариуцлага тооцож чаддаг тогтолцоо юм. Сонгох эрх байгаа атлаа эгүүлэн татах эрхгүй байвал бүрэн дүүрэн ардчилал биш. Тиймээс УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах эрх зүйн боломжийг бүрдүүлэх асуудал бол өнөөдрийн Монголын улс төрийн хамгийн чухал шинэчлэлийн нэг мөн.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл санаачлан өргөн мэдүүлсэн нь энэ утгаараа цаг үеэ олсон алхам гэж хэлж болно. Уг төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж буй энэ үед зарим намын бүлэг, зөвлөлүүд эсэргүүцэж, “парламентын дархлаа алдагдана”, “төрийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй” гэх байр суурь илэрхийлж байна. Гэвч бодит асуулт нь өөр: парламентын дархлаа чухал уу, ард түмний итгэл чухал уу?

 

УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай ойлголт бол шинэ санаа биш. Энэ нь төрийн эрх мэдэл ард түмнээс эхтэй гэсэн Үндсэн хуулийн суурь зарчмын бодит хэрэгжилт юм. Ард түмэн сонгож чаддаг бол, итгэл алдсан үедээ буцаан татаж чадах ёстой. Харин нэг удаа сонгогдсон улстөрч дөрвөн жилийн турш юу ч хийсэн, ямар ч хариуцлагагүй байх боломжтой тогтолцоо бол ардчилал биш, хяналтгүй эрх мэдлийн хэлбэр юм.

 

Сүүлийн 30 жилийн хугацаанд иргэдийн дунд нэгэн нийтлэг гомдол байсаар ирсэн. Тэр нь “сонгогдсон улс төрч ард түмнээ мартдаг”, “амлалтаа биелүүлдэггүй”, “төрийн мөнгө шамшигдуулсан ч хариуцлага хүлээдэггүй”, “дархан эрхийн цаана нуугддаг” гэх шүүмжлэл. Энэ бол хий хоосон бухимдал биш. Энэ бол олон жилийн турш хуримтлагдсан бодит туршлагаас үүдэлтэй олон нийтийн үнэлгээ юм.

 

Өнөөдөр энэхүү хуулийг хамгийн хүчтэй эсэргүүцэж буй зарим гишүүдийн байр суурь өөрөө олон нийтийн эргэлзээг улам нэмэгдүүлж байна. Хэрэв тэд үнэхээр ард түмний төлөө ажиллаж, хууль зөрчөөгүй, ашиг сонирхлын зөрчилгүй, сонгогчдын итгэлийг алдаагүй бол эргүүлэн татах механизмаас юунд эмээх ёстой гэж?

 

Хариуцлагатай, шударга гишүүнд энэ хууль заналхийлэл биш. Харин эрх мэдлээ хувийн ашиг сонирхолд ашиглагчдад л аюултай.

 

Зарим хүмүүс энэ тогтолцоо улс төрийн тогтворгүй байдал үүсгэнэ гэж болгоомжилдог. Гэвч үнэн хэрэгтээ эсрэгээрээ. Иргэдийн итгэл дээр тогтсон парламент хамгийн тогтвортой байдаг. Харин итгэлээ бүрэн алдсан парламент л нийгмийн бухимдал, эсэргүүцэл, үл итгэх байдлыг төрүүлдэг. Хариуцлагын механизмтай тогтолцоо нь тогтворгүй байдал бус, харин тогтвортой байдлын баталгаа юм.

 

Хамгийн гол нь ард иргэдийн олонхи нь энэ шинэчлэлийг дэмжиж байна. Иргэд төрд төлөөллөө илгээсэн бол тэр төлөөлөлдөө шаардлага тавьж, ажлыг нь дүгнэж, хэрэгтэй үед нь эргүүлэн татах эрхтэй байх ёстой. Энэ бол төр засгийг сулруулах алхам биш, харин төрийг ард түмэнд нь буцаан өгөх алхам юм.

 

Жинхэнэ ардчилал саналын хайрцгаар эхэлдэг ч тэнд дуусдаггүй. Сонгох эрхтэй ард түмэн хариуцлага нэхэх эрхтэй байж жинхэнээсээ төрийн эрхийг барина. Тиймээс УИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг болж байж л Монголд жинхэнэ утгаараа ардчилал төлөвшинө.

 

Х.Цэцэнноров

https://sonin.mn/newsDetail/16432

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>