Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Эрчим хүчний ажилчид үндсэн цалинг 30 болон түүнээс дээш хувиар нэмэхийг шаардаж өнөөдөр ажил хаялт зарлахаа мэдэгдээд байсан билээ. Тэгвэл Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтыг 48 цагаар хойшлуулах болсноо мэдэгдлээ.
Энэ тухай үйлдвэрчний эвлэлээс тодруулахад "Эрчим хүчний яам, ажил олгогчийн төлөөлөлтэй уулзалт хийхэд Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалинг 2026, 2027 онд үе шаттайгаар нийт 30 хувиар нэмэгдүүлэх тодорхой санал ирүүлсэн. Улмаар талуудын хооронд хэлэлцээ эхлүүлэх боломж бүрдсэн тул өнөө өглөөний 08 цагт эхлэх байсан ажил хаялтыг 48 цагаар түр хойшлуулсан.
Талууд хооронд хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсэх мөн бидний өгсөн 12 заалтыг 48 цагийн хугацаанд хэлэлцэж амжилттай дуусгаагүй тохиолдолд салбарын хэмжээнд ажил хаялт 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 08:00 цагт эхэлнэ" гэсэн хариуг өглөө.




