Дэлхийн хөшигний цаана

637
Дэлхийн хөшигний цаанаХөрөнгө оруулалтыг нуух, бие даасан байдлаа худалдах, алтны бүх нөөцийг нь авах зэрэг нь нууцаар хийгдсэн зарим гэрээний агуулга байжээ. Дэлхийн эдийн засгийн хүчний харьцаанд нөлөөлсөн хуйвалдааны цөөнгүй баримт бий.

"Пiдманула, пiдвела” ("Хуураа, хөсөрдүүллээ” украинаар)

Тавдугаар сарын 30-нд Украины «Батькивщина» ("Эх орон”) намын лидер Юлия Тимошенко Ерөнхийлөгч Петр Порошенког Олон улсын валютын сантай (ОУВС) нууц хуйвалдаан хийлээ хэмээн буруутгасан юм.

"Энэ баримт нууц. Уг үүрэг амлалтыг Украины парламент, ард түмний араар Засгийн газар, Ерөнхийлөгчийн хамт хийлээ” гэж Тимошенко мэдэгдлээ. Хэрэв нууц гэрээ нь биелэлээ олбол улс орны хүн амыг эдийн засгийн цуврал хязгаарлалт хүлээж байна. Эмч, багш нарын тэтгэвэрт гарах хөнгөлөлт, ахуйн хэрэглээний хий, цахилгааны үнийн нэмэгдэл зэрэг тааламгүй зүйлтэй тулгарна гэж Тимошенко нэмж хэлжээ.

Украины Сангийн яам Тимошенкогийн тоосыг дор нь дарлаа. Тэд "ОУВС-тай байгуулах гэрээний төгсгөлийн бичиг баримт гараагүй” гэсэн тайлбарыг өгсөн юм. "Дурсамж бичгийн тохиролцоон дээр ажил өнөөг хүртэл үргэлжилж байна” гэж Сангийн яамны төлөөлөгч хэлээд төгсгөлийн боловсруулагдсан баримтыг сарын дотор нийтэлнэ гэжээ. Ер нь бол нууц эсэхээс үл хамаарах гэрээг ОУВС-тай Украин байгуулсан. Тэр нь үйлчилж байгаа. Тухайлбал тавдугаар сарын 1-нээс хийн үнэ украинчуудын хувьд хоёр дахин нэмэгдсэн. Долдугаар сарын 1-нээс халуун ус, халаалтын үнэ бас хоёр дахин нэмэгдэнэ. Энэ бүгдийг ОУВС-гаас ээлжит шилжүүлэг авахын тулд хийж байгаа юм. Украинд туслах хөтөлбөрөө сэргээсэн нөхцөлд ОУВС 1.7 тэрбум долларыг Киевт өгнө. Ирэх нэгдүгээр сард уг сангаас долоон тэрбум ам.доллар авахаар найдаж буйгаа Порошенко ярьсан билээ.

Араб үлгэрүүд

Мөн л өнгөрсөн сарын дундуур 40 жилийн өмнөх наймаалцлалын нууц илрэв. Өөрийн талынхандаа өөдрөгөөр харагдахын зэрэгцээ харийнхантай ашигтай хамтран ажиллах хүсэл олон хүнд байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон 1974 онд Сангийн сайд Уильям Саймоны толгойлсон төлөөлөгчдийг Арабын Жидда хот руу илгээж, вант улстай хөрөнгө оруулалтын ашигтай гэрээ хийхийг үүрэгдэв. Тэр үед Израилийг дэмжсэн 1973 оны Эрлэгийн өдрийн гэх дайны дараа араб орнуудын тавьсан нефтийн хоригийн улмаас АНУ-ын эдийн засаг хүндхэн байв. Хэлэлцээр амжилтгүй болбол зөвхөн АНУ-ын эдийн засагт муу төдийгүй, араб ертөнцийг ЗХУ-тай холбоогоо бэхжүүлэхэд хүргэж магадгүй байсан юм. АНУ-д мөнгө хэрэгтэй, саудитууд Иерусалимыг дэмжсэн Вашингтонтой холбоотой байсныхаа нүүр царайг алдахыг хүсээгүй. Үүний үр дүнд хаалттай хаалганы цаана гар барилцан Саудын Араб нефтийн доллараа АНУ-ын үнэт цаасанд оруулахаар тохиролцжээ. Эр-Рияд 116.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нууцыг АНУ-ын Сангийн яам сая ил болгосон юм.

Ахан дүүсийн журмаар

ХХ зууны дундуур алтны нөөц идэвхтэй шилжин хөдөлж байлаа. Дарь ханхлаад ирэнгүүт Европын олон орны нөөцийн хөрөнгө далайн чинадад, АНУ-д шилжүүлэгдлээ. ЗХУ ч гадаадын алтнаас татсан байв. 1936-1939 онуудын иргэний дайны явцад Испанийн алтны нөөцийн хэсэг бүгд найрамдахчуудыг зэр зэвсгээр дэмжсэн ЗХУ-д орж иржээ. Испанийн алтыг зөөсөн хэрэг маш нууцлагдсан байгаа. Бүгд найрамдахчуудын Засгийн газар 1936 оны аравдугаар сард ЗХУ-д алтан цөөцийнхөө хэсгийг хадгалуулахаар шийдсэн байна. Нийтдээ 510 орчим тонн алтыг 7800 хайрцагт хийн Картахены боомтод зэр зэвсэг хүргэн ирсэн дөрвөн хөлөг онгоцонд аравдугаар сарын 22-25-ны шөнөөр ачжээ. Испанийн хуруу дарам цөөн хүн л үүнийг мэдэж байсан юм. Одесса боомтод ирсэн испани алтыг Москвад аваачин, Сангийн Ардын комиссарын газар хадгалах болов. Оросын болон Испанийн зарим түүхчид ЗХУ-д зөөсөн Испанийн банкны алтыг оросууд өөрийн болгоогүй харин генерал Франкотай тэмцэж байсан дайчдын хэрэгцээнд зарсан гэж бичдэг.

Канцлер-фейк

Супер нууц «Канцлер-гэрээ» гэх Германы алтны нөөцийн түүх бас сонирхолтой. Алт нь АНУ-д хадгалагдаж байгаа эсвэл тэр "ууршсан” байж магадгүй.

ХБНГУ-ын бүх канцлер түүнийг мэддэг, гарын үсэг зурсан, олон нийтээс нууц баримт байдаг уу?

Германы алтны ихэнх хэсэг нь яагаад гадаадад хадгалагдаж байна вэ?

АНУ ба ХБНГУ-ын хооронд нууц гэрээ байгуулагдан, немцийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үнэт металлын нөөц дээр 2099 он хүртэл бүрэн хяналт тавих баталгааг АНУ ба барууныханд өгсөн гэж «Канцлер-гэрээний» онолын талынхан хэлж байгаа. Энэ нууц гэрээний улмаас ХБНГУ нь бие даасан улс биш бөгөөд түүний эдийн засгийг АНУ-ын Холбооны нөөцийн систем бүрэн хянадаг гэнэ. «Канцлер-гэрээ» баримтад Германы бүх удирдлага Аденауэраас эхлээд Меркель хүртэл гарын үсгээ зурсан гэж яригддаг. Германы эдийн засгийн гайхамшиг гэгдэх дайны дараах үеэс ХБНГУ өөрийн алтны нөөцийг бий болгож эхэлжээ. Одоо түүний нэг хэсэг нь үнэндээ бол АНУ ба Их Британи Францад хадгалагддаг. Бундесбанк өөрийн алтны нөөцийн тал хувийг 2020 он гэхэд авч ирэхээр төлөвлөжээ. Ийм системийг германчууд өөрсдөө шүүмжилдэг. Тэд алтны нөөцийн хяналт тооллогоо ХБНГУ явуулдаггүй гэж үзэж байгаа ажээ. Мэргэжилтнүүд алт бүрэн бүтэн байгаа гэдэгт эргэлздэг гэнэ. Бундесбанкны мэдээгээр Германы алтны нөөц нь одоогоор 3.4 мянган тонн аж. Энэ нь АНУ-ын дараах дэлхийн хоёр дахь том нөөц болдог. Алтны нөөцийн бүрэн бүтэн байдалд эргэлздэг хүмүүст банкны удирдлага ээлжит хуйвалдаан хийлээ гэсэн хариу өгдөг. Берлин 2015 онд 210 тонн алтаа буцаан авчирсан байлаа.

Өөрсдийн дунд харийн

Дэлхийн хоёрдугаар дайны явцад зэр зэвсэг, техник, хүнсний бүтээгдэхүүний төлбөрт АНУ-д Европын холбоотнууд нь алт өгч байжээ. Үүний үр дүнд Вашингтон дэлхийн алтны ихэнхийг өөртөө цуглуулсан байна. Америкийн алтны нөөц 1938 онд 13 мянган тонн байснаа 1945 он гэхэд 17.7 мянга, 1949 онд 21.8 мянган тонн болон өсчээ. Доллар тэр үед алтны үнэнд хатуу уягдсан байлаа. Нэг т.унци нь 35 долллар байсан юм. Бреттон-Вудын гэх олон улсын валютын төлбөрийн систем ийнхүү үүсч доллар бүх нийтийн төлбөрийн хэрэгсэл ба нөөцийн валют болсон байна.

Гэтэл жараад онуудад Европ, Азийн дайнд ядуурсан орнууд сэргэж, харин АНУ-ын эдийн засаг эсрэгээрээ зогсонги байдалтай болов.

Бреттон-Вудын систем хямарч эхлэв. Түүнд хүчтэй цохилтыг "сүүлчийн агуу франц” гэгдэх генерал де Голль хийжээ. Шинэчлэлийн дараа Францын эдийн засаг суга үсрэн урагш гарлаа. Хуучин зуун нэгжийг орлосон шинэ франк гарч ирэн олон жилийн дотор анх удаагаа Франц өөрийн хатуу валюттай болжээ.

Генерал АНУ-д эдийн засгийн эсрэг том тулаан хийхээр шийдсэнд нэгэн онигоо нөлөөлсөн гэдэг. Түүгээр бол дуудлага худалдаанд тавигдсан Рафаэлийн зургийг араб нефтиэр, оросууд алтаар авах санал тавьтал америкчууд бөөн доллар гарган зургийг авчээ. Ингээд уг зураг доллар хэвлэгдсэн цаасны үнэ болох гурван центээр үнэлэгдсэн байжээ.

Генерал де Голль 1965 онд доллараар биш алтан стандартаар олон улсын гүйлгээг хийх санааг дэвшүүлсэн байлаа. Тэрээр Францын нөөцөлсөн 1.5 тэрбум долларыг алтаар төлөхийг Вашингтоноос шаардсан байв. Вашингтон Францыг НАТО-гийн гишүүн гэдгээр нь Парист шахалтаа үзүүлж эхлэв. Де Голль эцсээ хүртэл зогсон Францыг НАТО-гоос гарч буйг зарлав. Тэрээр АНУ-д айлчлахдаа 750 сая долларыг алтаар солих шаардлагаа тавьжээ. Франц нь Бреттон-Вудын системд багтаж байсны хувьд шаардлагаа алтаар авах эрхтэй байсан юм.

1965 оны сүүлч гэхэд Францын нөөцийн 5.5 тэрбум доллараас 800 сая доллар л үлдсэн байлаа. Дараа АНУ-аас алт авахаар Япон, Канад, Европын орнууд зүглэв. 1971 оны сүүлчээр ХБНГУ таван тэрбум долларыг алтаар солиод Бреттон-Вудын системээс гарчээ. Тэр жилийн долдугаар сарын сүүлчээр АНУ-ын алтны нөөц 10 тэрбум доллараар багассан байлаа. Ерөнхийлөгч Ричард Никсон долларын алтан ханшийг бүрэн өөрчилсөн шийдвэрээ 1971 оны наймдугаар сарын 15-нд зарлав. Тэрээр 1974 онд Сангийн сайдаа саудитуудын мөнгөний төлөө илгээсэн билээ.

 
politik.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>