Хар тамхины хэргээр бүх насаараа хоригдох ял авсан Л.Байгалмаа цаазын ял хүсчээ

2184
Хятад улсад хар тамхины хэргээр насаараа хоригдох ял сонсч, өнгөрсөн жил ялыг нь хөнгөрүүлж 25 жилийн хорих ялаар өөрчилсөн Л.Байгалмаагийн нөхөр Г.Батсуурь, үр хүүхдүүд, ах дүү, амраг садан нь өнөөдөр тарчилж, шар махтайгаа хатаж яваа нь үнэн юм. Хүний нутгийн хүйтэн шоронд ханиа, ээжийгээ хоригдож, зовж байгаа нь ямар гаслантай хэцүү санагдах нь тодорхой. Сардаа нэг удаа очоод уулзах боломж байхгүй, хэл үг авалцахгүй, ямархуу байгааг нь мэдэхгүй болохоор ар гэрийнхэндээ шаналгаатай байгаа нь аргагүй юм. Л.Байгалмааг бусдын уруу таталт, худал мэхэнд орж хүний нутагт ял авсан гэдэг ч өөрөө бол их мөнгө олохын тулд баригдахаасаа өмнө хоёр ч удаа хар тамхи нууцаар тээвэрлэсэн гэдгийг албаныхан хэлдэг юм билээ. Ар гэр, олон хүүхдээ тэжээхийн тулд хар тамхины толгойлогч болж, өдгөө аль улс оронд байгаа нь мэдэгдэхгүй, нутаг нэгтнүүдийнхээ амьдралаар тоглосон эгч, дүү хоёр болох Б.Хулан, Б.Халиун хоёрын урхинд орж урагшаа явсан гэж ярьдаг.

Эр хүний нулимс багадах үе байдаг аж. Хорин жил жаргал, зовлонгоо хуваалцсан хань нь хүний нутагт насаараа хоригдох ял сонсч өдгөө ялаа эдэлсээр зургаан жилийн нүүр үзэж байна. Эхнэр нь хар тамхи зөөсөн хэрэгт холбогдсон, хатуу гэхэд хэтийдсэн энэ явдалд Л.Байгалмаагийн нөхөр Г.Батсуурь цочирдсон ч цөхөрсөнгүй. Ханийхаа төлөө чадах бүхнээ хийнэ гэж явсаар л байгаа юм. Хятад улстай манайх ялтан солилцох гэрээтэй бөгөөд хар тамхи зөөвөрлөсөн этгээдүүдэд хатуу чанга дэглэмтэй ялтанд тооцогддог тул эх оронд нь авчирна гэдэг тийм амархан зүйл биш гэдгийг ч албаныхан хэлдэг. Гэхдээ эгч дүү Д.Цэвэлмаа, Д.Норжмаа хоёрыг эх оронд нь шилжүүлэн авч ялыг нь эдлүүлж байгаа ч нэг нь архаг өвчний улмаас амиа алдсан юм. Л.Байгалмаа хүний нутагт насаараа хоригдох ялыг анх сонсоод "Харийн нутагт бүх насаараа хоригдож, тарчилж байснаас цаазын ялыг зөвшөөрсөн нь шулуун байсан болов уу. Амь гуйсан маань алдаа болчих шиг боллоо” гэж ярьж байсан удаатай. Харин түүний нөхөр Г.Батсуурь ярихдаа "Хятадад хоригдсон хүнд өмгөөлөгч олдохгүй, хэл ус мэдэхгүй болохоор ямар ч хэрэг алга. Өмгөөлөгчдийн буруугаас болж, анхан шатны шүүхийн шийдвэрийн дараа давж заалдах өргөдлөө ч өгч чадаагүй хүн шүү дээ. Монгол Улс харийн нутагт хоригдож байгаа иргэддээ анхаарал хандуулж, эх оронд нь авах нь зөв шүү дээ. Хэзээ нэгэн өдөр ханиа эх орондоо ялаа үргэлжлүүлэн эдэлж, биднийхээ элгийг дэвтээж, уулзаж учрах боломж гарна гэдэгт итгэдэг юм. Миний хань бусдын урхинд золиослогдсон хүн. Юу ч мэдэхгүй яваад энэ хэрэгт унасан юм. Хэрвээ аюултай зүйлийг нь мэдсэн бол би ч гэсэн түүнийг юу гэж явуулах вэ дээ гэж одоо ч халаглаж, амаа барьж суудаг юм” гэжээ.

Харин ГХЯ-ны консулын газраас Л.Байгалмаагийн биеийн байдлыг асууж сардаа нэг удаа холбогддог бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд түүнийг эх оронд нь шилжүүлэн авах талаар хөөцөлдөж байгаа ч энэ асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэдгийг ар гэрийнхэнд нь дуулгаад удаж байгаа юм. Учир нь Хятадын дарга хэдхэн хоногийн өмнө манай улсад айлчлал хийсэн бөгөөд энэ үеэрээ БНХАУ-тай Ялтан солилцох гэрээг үзэглээд явсан юм чинь ямар ч байсан Л.Байгалмааг эхний ээлжинд авах нь тодорхой болсон бололтой.
 
secretmn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>